Цөмийн станцын хаягдал усыг далайд асгах шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-16 13:32:49

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Гадаад хэргийн сайдын туслах У Жянхао өчигдөр Япон улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Хидё Тарумитай уулзлаа. Хятад улсын зүгээс Японы Засгийн газраас гаргасан Фукушима атомын цахилгаан станцын хаягдал усыг далайд асгах шийдвэрийн талаар хэлэлцсэн бөгөөд Япон улсыг олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлахыг уриалав.

    Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, уулзалтын үеэр У Жянхао, “Японы Засгийн газрын холбогдох шийдвэр нь далайн орчин, олон улсын нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал, хөрш орнуудын ард иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг үл хайхарсан, олон улсын дүрэм журмыг зөрчсөн, орчин үеийн соёл иргэншилтэй улс орны хийх зүйл огт биш гээд Хятад улсын зүгээс энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа”-гаа илэрхийлсэн байна.  

    Тэрээр мөн, “Олон улсын холбогдох чиглэлийн байгууллагын хүрээнд Хятад улсын мэргэжилтнүүдийг багтаасан олон улсын шинжээчдийн багийг байгуулж, үнэлгээ, хяналт, шинжилгээ хийх хэрэгтэй. Мөн эрх ашиг нь хөндөгдөж буй талууд болон олон улсын байгууллагуудтай зөвшилцөлд хүрэхээс өмнө хаягдал усыг далайд асгаж эхлэхгүй байх ёстой. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран үйл явдлын өрнөлийг анхааралдаа авна” гэж хэлжээ.  

               

Холбоотой мэдээ