Халдвар авсан хүнийг гадуурхах нь ковид туссанаас ч илүү сэтгэл зүйн дарамт бий болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-16 16:58:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт коронавирусний халдварын тохиолдол 3-р сарын 24-нөөс дахин бүртгэгдсэнээс хойш манай аймаг халдвартай иргэдийг анх удаа орон нутагтаа эмчилж эхлэсэн. Гэр бүлийн гишүүд болох нөхөр, хүүхдүүдээс нь коронавирусний халдвар илэрснээр БОЭТ-д хүүхдүүдийн хамт тусгаарлагдсан иргэн Э.Л-тэй халдвартай иргэд,  түүний гэр бүлийн сэтгэлзүй,  БОЭТ-ийн эмчилгээ сувилгаа, нөхцөл байдал ямар байсан талаар ярилцлаа.

-   -Танай гэр бүлийн хүн коронавирусний халдвартай гэдгээ хэзээ мэдсэн бэ? Энэ мэдээг сонсоод сэтгэлзүйн хувьд яаж хүлээж авсан бэ?

-    -Эрдэнэтэд 3-р сарын 24-нд коронавирусний халдвар дахин бүртгэгдсэнээс 7 хоногийн дараа ажлын шугамаар бүх ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад манай нөхрийн хариу эерэг гарсан байсан. Анх сонсоод түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарлаа гэхэд итгээгүй. Учир нь түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч PСR шинжилгээгээр сөрөг гарсан тохиолдлууд цөөнгүй байсан болохоор арай ч үгүй байх гэж бодсон. Бүр PСR шинжилгээгээр батлагдаад, БОЭТ-ийн Халдвартын тасаг руу аваад явахад нь ч туссан гэдэгт нь итгэж чадахгүй л байлаа. Манай нөхрийг Халдвартын тасаг руу шилжүүлсний дараа би гурван хүүхдийнхээ хамт гэрийн тусгаарлалтад орсон.

    Тусгаарлалтын хугацаанд цагдаа болон онцгой комиссоос холбогдож ойрын болон дам хавьтлыг тодорхойлох асуулгууд асууж, нийт гурван удаагийн PСR шинжилгээ авсан. Тус шинжилгээгээр би болон манай гурван хүүхдийн хариу бүгд сөрөг гарсан.  Манай нөхөрт халдварын шинж тэмдэг бага, коронавирусээр хөнгөн өвчилсөн учраас 5 хоногийн дараа эмнэлгээс гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Гэрийн тусгаарлалтад шилжсэний дараа PСR давтан шинжилгээ авахад, миний болон манай том хүүхдийн шинжилгээ сөрөг гарсан ч, манай хоёр багаас коронавирусний халдвар илэрч, батлагдсанаар би хоёр хүүхдээ аваад БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлагдаж, эмчлүүлэхээр болсон. Халдвар авсан хүүхдүүд маань бага насных учраас миний шинжилгээний хариу сөрөг гарсан ч гэсэн асран хамгаалагчаар хамт тусгаарлагдахаас өөр арга байгаагүй. Энэ бүх үйл явдалд итгэж өгөхгүй шокийн байдалтай л байсан.

-   -Таны гэр бүлийн хүн халдвар аваад, дараа нь бага насны хүүхдүүдээс тань илэрсэн нь сэтгэлзүйн хувьд хүнд цохилт болсон байх. Үүнийг та яаж даван туулсан бэ?

-    -Өнгөрсөн хугацаанд цар тахлын мэдээ, мэдээллийг зөндөө л сонсож байсан боловч өөрөө хэзээ ч тусчихна гэж бодоогүй.  Коронавирусний халдварыг БНХАУ-ын Ухань хотод болж өнгөрсөн сэтгэл эмзэглүүлэм дүр төрхөөр нь төсөөлчихсөн байсан учраас, би төдийгүй тэнд тусгаарлагдсан олон хүнд үхэл амьдралын зааг дээр байгаа мэт мэдрэмж төрсөн байх. Бүгд л шокийн байдалтай, эдгэршгүй өвчин тусчихсан юм шиг айдастай байсан.

-    -Таны нөхөр халдвартай гэдгээ яаж хүлээж авсан бэ? Халдвартын тасагт тусгаарлагдсаны дараа ямар эмчилгээ хийлгэсэн бэ?

-   -Манай нөхөр тухайн үед төрж байгаа сэтгэл хөдлөлөө нууж, аль болох мэдэгдэхгүй, тайван байхыг л хичээсэн байх. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсны дараа PСR шинжилгээний хариу гарах хүртэл ерөөсөө гэртээ орж ирэхгүй, гадаа машиндаа өөрийгөө тусгаарлачихсан. “Хэрэв чи тусчихсан нь үнэн бол бид ч бас тусчихсан л байгаа. Гэртээ орж, хоолоо ядаж идээч” гэхэд машиндаа л байгаад байсан. PСR шинжилгээний хариу нь гарахгүй “Хүлээгдэж буй” гэсэн төлөвтэй  удах нь батлагдсаны дохио юм билээ. Шөнийн нэг цагийн үед PСR шинжилгээний хариу гарч, ЭМГ-аас эерэг гарсныг мэдэгдсэнээр Халдвартын тасаг руу тусгаарлагдсан юм. Нөхрийгөө тусгаарлагдсаны дараа эмчилгээнд юу өгч байгааг асуухад “Витамин Д, витагрипп л өгч байна” гэж хэлэхэд нь бухимдаж, их гайхсан. Дараа нь өөрөө хоёр хүүхэдтэйгээ тусгаарлагдаж, эмчлүүлж байхдаа л “хамгийн азтай хүмүүс ийм эмчилгээ хийлгэж байгаа юм байна” гэж бодсон. Яагаад гэвэл бидэнд шинж тэмдэг илрэхгүй, амт үнэр мэдэрч, зовуурь байхгүй байсан учраас зөвхөн дархлаа дэмжих төрлийн эмчилгээг хийсэн нь тэр байсан. Бид тийм азтай байсан хэдий ч, халдвар илэрч, шөнөжингөө уйлаад унтаж чадахгүй байгаа хүүхэд, шөнөжингөө ханиалгаад зовуурилж байгаа өвчтөний чимээ хаалганы цаанаас сонсогддог байсан. Хүндрэл өгч байгаа өвчтөнүүдийн эмчилгээ өөр байсан байх.

-    -БОЭТ-ийн эмч, сувилагчдын хандлага, асаргаа сувилгаа хэр байсан бэ?

-    -Бид хөнгөн туссан учраас асаргаа, сувилгаа бага байсан. Өдөрт нэг удаа эмч, сувилагч нар халдвар хамгааллын бүрэн хувцастай орж ирж үздэг, ихэнх тохиолдолд утсаар холбогддог байсан. Халдвартай нь илрээд хамт түргэний машинаар ирсэн настай эгч уйлаад л байсан. “Та яагаад уйлаад байгаа юм бэ?” гэхэд “Би үхчихэж ч болно шүү дээ. Эдгэрлээ гэхэд намайг туссаныг мэдсэн хүн болгон цэрвэж, гадуурхах болно” гэж байсан. Шокноосоо гарч чадаагүй зарим хүн утасныхаа датаг ч асааж чадахгүй, пин кодоо ч мэдэхгүй сандралд орчихсон байсан. Тэр бүх хүмүүстэй эмч, сувилагч нар маш зөв харьцаж, сэтгэлзүйг нь засаж ажиллаж байсан нь надад их таалагдсан. Халдварын бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар ажлын байран дээрх бүхий л хугацаанд битүү хувцастай, ачаалал ихтэй ажилладаг юм билээ. Нэг удаагийн ээлжинд 14 хоног гарчихаад, 7 хоног буудалд тусгаарлагдаад үндсэндээ 21 хоног гэртээ огт харьж чадахгүй ажилладаг гээд бодохоор хүндлэх сэтгэл эрхгүй төрж байлаа.

-    -Эмнэлэгт хэд хоног эмчилгээ хийлгээд гарсан бэ?

-   -Хөнгөн туссан өвчтөнүүдийн хувьд 7 дахь хоног дээрээ эмнэлгээс гарсан. Түүний дараа гэрийн тусгаарлалтад 7 хоног байсан.

-    -Гэрийн тусгаарлалтад байхад дахин шинжилгээ авсан уу?

-   -Коронавирусний халдвар авсан л бол 4 сарын хугацаанд ямар ч шинжилгээгээр эерэг гарах юм байна лээ. Тийм учраас ахиж шинжилгээ аваагүй. Мөн “Вакцин хийлгэх шаардлагатай юу?” гэхэд “Шаардлагагүй” гэж хэлсэн. Нэг халдвар авсан л бол насан туршийн дархлаа тогтчихдог юм байна лээ.

-  -Та ярилцлагын эхэнд өөрөө халдвар аваагүй хэдий ч хүүхдүүдээс тань илэрсэн учраас хамт тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэсэн гэлээ. Яг халдварын голомт дунд, эмнэлэгт байх хугацаанд өөрийгөө яаж хамгаалж байсан бэ?

-    -Надаас илрээгүй ч гэсэн манай гэр бүлийн гишүүд тусаж, эмчилгээ хийлгэж байгаа учраас надад бас ялгаагүй витамин, вирусний эсрэг эм өгсөн. Мөн өдөрт гурван удаагийн хоол өгдөг. Өгөх бүртээ зөвхөн нэг удаагийн аяга, таваг, халбага сэрээ ашиглаж байсан учраас халдвар тархах эрсдэлийг бууруулж байсан байх. Манай гэр бүл шинж тэмдэггүйгээр өвчилж, яг голомтын бүсэд тусгаарлагдсан учраас тусчихаад хурдан эдгээд, дархлаатай болчихъё л гэж бодсон. Гэхдээ шинжилгээ өгсөн бүх тохиолдлууд сөрөг гарсан.

-    -Халдвартын тасгийн орчин нөхцөл ямар байсан бэ?

-   -Халдвартын тасаг А болон Б гэсэн хоёр блок тасагтай юм байна лээ. А блок нь засвар хийчихсэн болохоор арай тухтай байх. Бид Б блокт нь тусгаарлагдсан. Сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүмүүст орчин хамгийн чухал гэж боддог. Энд орчин нөхцөл нь цэвэр цэмцгэр хэдий ч эд хогшил нь хуучирчихсан байсан.

-    -Коронавирусний халдвар авчихлаа гэхэд та, болоод танай гэр бүлийн хүний ажлын газрынхан, ойр дотныхон, найз нөхөд яаж хүлээж авсан бэ?

-   -Би ойрын хавьтал болсон даруйдаа иргэн хүнийхээ хувьд хариуцлагатай байх ёстой гэж үзээд энэ талаараа ойрын өдрүүдэд уулзсан хүмүүстэй хэлсэн. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн цаана бас гэр бүл, үр хүүхэд нь эрсдэл үүрээд байж байгаа шүү дээ. Манай гэр бүлийн хүний хувьд хамт ажиллагсад, байгууллагын удирдлагууд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, байнга холбоотой ажилласан. Харин халдвар илэрсэн иргэдийг анзаарахад явсан маршрутаа нууцлах, санахгүй байх тал ажиглагдаж байгаа нь нийгмийн сэтгэлзүйгээс айх айдастай холбоотой байх. Яагаад вэ гэвэл нийгэм даяараа тэр хүнийг харааж, зүхээд байна шүү дээ. Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг ил тод байршуулахдаа явсан маршрутаас гадна уулзсан хүмүүсийг нь давхар зарлаж байсан нь эргээд нийгэмд буруу ойлголт төрүүлэх, нийгэм даяараа жигших үйлдлийг өдөөх хүчин зүйл болж, халдвар авсан хүмүүс маршрутаа нууцлах шалтгаан болж байна гэж харсан.

-     -Нийгмийн гадуурхалт ер нь анзаарагдсан уу?

-   -Илт гадуурхалт анзаарагдаагүй ч гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс шинжилгээ авч байгаа, ариутгал хийж байгаа эмнэлгийн ажилчид хувь хүний мэдээллийг нууцлах, хүний эрхийг хамгаалах тал дээр анхаарч ажилламаар санагдсан. Ковид туссан ямар ч хүн би туссан гэдгээ ил гаргахыг хүсэхгүй шүү дээ. Яагаад гэвэл би ковид туссанаа бусдад хэлж болох боловч, хүүхдэд минь найз нь  “Чиний ээж ковид туссан, чамтай тоглохгүй” гэвэл миний үр хүүхдийн сэтгэл эмзэглэнэ шүү дээ. Гэтэл шинжилгээ авч байгаа, ариутгал хийж байгаа эмнэлгийн ажилчид “Нөгөө ковидтой айл чинь аль билээ? Хүүхдийн овог нэр, аль сургууль вэ?” гэх мэтчилэн чанга дуугаар, болгоомжгүй асууж, гэрийнх нь гадаа ирээд машиндаа шинжилгээ авч байгаа нь эмзэглэмээр санагдсан. Яагаад гэвэл битүү хамгаалах хувцастай, эмнэлгийн машин ирчихээд, дуудаж гаргаж ирээд машиндаа шинжилгээ авахад ямар ч хүний анхаарлыг татна шүү дээ.

-  - Коронавирусний халдвараар өвчлөөд Эрдэнэтдээ эмчлүүлээд эдгэрсэн, энэ үйл явцыг туулаад гарсан гэр бүлийн хувьд хүмүүст анхаарууштай, хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-   -Хүн ямар ч гэнэтийн зүйлд сэтгэлзүйн хувьд ч, санхүүгийн хувьд ч чадахаараа бэлтгэх хэрэгтэй гэж бодсон. Хоёрдугаарт, хэн ч тусаж болох халдварыг авсан хүнийг “муухай” гэж харах, хандах нь ковид туссанаас ч илүү сэтгэлзүйн дарамтыг бий болгодог гэдгийг маш сайн ойлгосон.  Үүнд ажлын хамт олон, найз нөхдийн уур амьсгал, хандлага маш чухал. Мөн халдвар авсан иргэдийн гол хүндрэл нь хууч өвчнийг барьж, сэдрээдэг учраас ямар ч өвчнийг бага дээр нь анхаарч эмчилдэг байх, эрүүл мэнддээ анхаарч өөрийгөө хайрладаг байх нь гэнэтийн зүйлийг хүндрэл багатай даван туулахад нөлөөлөх юм байна гэдгийг ойлгож авсан даа.

-     -Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье!

Холбоотой мэдээ