Шавьжийг "шавж" болгон өөрчилсөн үү?

ЛАВЛАГАА
khandmaa@montsame.gov.mn
2021-04-21 14:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шавьж” гэж буруу бичиж хэвшсэн энэ үгийг “шавж” хэмээн бичихээр журамласанд олон хүн дургүйцэж, кирилл бичгийн дүрмийг өөрчиллөө гэж шүүмжилсэн. Гэтэл бүр эрт буюу Б.Осор, Ц.Дамдинсүрэн нарын 1983 онд гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь”-д “шавж” гэж бичсэн байдаг байна.


Учир нь, "шавьж” гэж бичих аваас энэ үгийн үндэс нь “шавь” болж таарна. Гэтэл хорхойг нэрлэсэн энэ үг багшаар эрдэм ном заалгах сурагчийг ерөнхийд нь нэрлэдэг “шавь” гэдэг үгтэй холбогдох ямар ч үндэсгүй билээ. Өөрөөр хэлбэл, шавах бөөгнөх гэдэг утгатай “шав” гэдэг үйл үндсэнд “-ж” дагавар залгаж “шавж” гэдэг нэр үг бүтжээ. Харин энэ үгэнд ж, ч, ш-ийн дараа “и” залгадаг дүрмээр “шавжийн, шавжийг, шавжид” гэх мэтээр бичнэ.


 Харин багш шавийн “шавь” нь монгол үг биш бөгөөд хятад гаралтай гэж “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д бичжээ. Энэ монголжсон үгээс “шавил, шавилах, шавилуул” зэрэг үг үүссэн байна. 

Холбоотой мэдээ