МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл хуралдаж, даргаа сонгов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-21 14:21:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийг шинэчилж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох хурал цахимаар болов.


Хурлаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн даргаар “Дисковер Монголия Трэйвэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал Б.Барсболдыг сонгов. Тэрээр цаашид аялал жуулчлалын салбарыг сэргээхэд анхаарч, энэ талаар зөвлөлийн гишүүдийн шинэ санаачилгуудыг дэмжиж, нягт уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ.


Өнгөрсөн оныг 2019 онтой харьцуулахад Монголд ирсэн жуулчдын тоо 90 гаруй хувиар багассан учраас олон улсын хэмжээнд Монголоо сурталчилж, аялал жуулчлалын урсгалыг нэмэх шаардлагатай. Ингэхдээ хилээ шат дараатай нээх, жуулчдад зориулсан аюулгүй аяллыг санал болгох, аялал жуулчлалын эрэлтэд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, жуулчдын эрэлт бий болгох маркетингийн нэгдсэн сурталчилгаа хийх хэрэгтэйг тэрбээр дурдлаа.




МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин энэ үеэр танхимын дэргэд үйл ажиллагаа явуулдаг 23 зөвлөлийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатайг дурдаад, “Цар тахлын халдварын улмаас хамгийн их хохирол амсаж байгаа нь аялал жуулчлалын салбар. Тухайлбал, 2019 онд аялал жуулчлалын салбар дэлхийн ДНБ-ий 10,4 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 5,5 хувь болж багассан. Иймд улс орнуудын өмнө аялал жуулчлалын салбарыг сэргээх шаардлага тулгарч байна” хэмээв.


Тус зөвлөлийн даргаар өмнө нь “Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй ажиллаж байв. Аялал жуулчлалын зөвлөл 2004 онд байгуулагдсанаас хойш аялал жуулчлалын үндсэн чиглэлийн бодлогод саналуудаа тусгуулж байжээ.


Цахим хуралд 30 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо. 

Холбоотой мэдээ