Токиогийн Олимпод оролцох тамирчдаас өдөр бүр шинжилгээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-04-21 17:54:59

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлж, тархалтыг эрт үед нь илрүүлэхийн тулд тэмцээнд оролцох тамирчдаас өдөр бүр шинжилгээ авна гэж уг төлөвлөгөөнд ойр төлөөлөгчид мэдээлжээ. Ийнхүү шинжилгээ хийхдээ голчлон шүлсээр авах ажээ.


Японы Засгийн газар тэргүүтэй бусад зохион байгуулагч байгууллагууд өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан эмхэтгэлийнхээ эхний хэвлэлд тамирчдаас дөрвөн хоног тутамд шинжилгээ авна хэмээн тусгасан юм. Гэвч зохион байгуулагчид илүү хурдан халдварладаг хувилбарууд тархах болсныг харгалзан аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгахаар шийдвэрлэжээ.


Токиогийн Олимпыг зохион байгуулах асуудал хариуцсан байгууллагууд Олон улсын олимпын хороотой хамтран тэмцээний үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд тэдгээрийг энэ сарын эцсээр гаргах хоёр дахь эмхэтгэлд дэлгэрэнгүй танилцуулах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.


Олимпын наадмын нээлтийн ёслол болоход 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд буй энэ үед Токио “COVID-19” халдварын дөрөв дэх давлагаанд нэрвэгдээд байна гэж эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч Ерөнхий сайд Сүга Ёшихидэ болон наадмыг зохион байгуулах асуудал хариуцсан төлөөлөгчид Олимпыг төлөвлөсний дагуу ирэх долоодугаар сарын 23-наас эхлүүлнэ гэдгээ батлан мэдэгдээд байгаа юм. 

Холбоотой мэдээ