Сэлэнгэ мөрөнд живсэн иргэдийн цогцсыг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-22 11:48:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн усанд осолдсон дуудлагыг өчигдөр 20.23 цагт хүлээн авав.


Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь нь хөмөрсөн байна.

Иргэн 38 настай Ү, 16 настай Б нар 3 настай хүүгийн хамт голын эрэг дээр эсэн мэнд гарчээ. Харин 32-62 настай 5 хүн, 5 сартай болон найман настай 2 охин осолдсон тул тухайн газарт эрэн хайх ажиллагаа явуулж байгаа.


Өглөөний 9.36 цагт 50 настай эрэгтэйн, 10.00 цагт 5 сартай охины цогцсыг гаргаад байгааг  ОБЕГ-аас мэдээллээ.


Аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, ЗДТГ-ын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.

Холбоотой мэдээ