Саудын Арабын зэвсгийн худалдааг хязгаарлахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-22 12:52:55

НЬЮ-ЙОРК. /The Hill/. Саудын Арабын зэвсгийн худалдааг хязгаарласан хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжжээ.

“The Hill” сонины мэдээлснээр энэхүү бичиг баримт нь Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой аж. Хуулийн төслийг 350 хууль тогтоогч дэмжсэн бол 71 хүн эсэргүүцсэн байна. 

Саудын Арабын засаг захиргаа тэрс үзэлтнүүдэд дарамт шахалт үзүүлж, гадаадын иргэдийг дур мэдэн баривчлан саатуулаагүй гэдэг нь АНУ-ын эрх баригчдын хувьд баттай болохоос нааш зарим зэвсгийн худалдааг түр зогсоохыг хуулийн төсөлд тусгажээ. Одоо уг хуулийн төслийг Сенатын танхим батлах ёстой юм.

Саудын Арабын эрх баригчдын бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашогги 2017 оноос хойш АНУ-д оршин сууж, “The Washington Post” сонины газартай хамтран ажилладаг байсан юм. Тэрбээ Истанбул хот дахь улсынхаа Ерөнхий Консулын газар 2018 оны аравдугаар сарын 2-нд очсоныхоо дараа алга болсон билээ. Үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлч дипломат төлөөлөгчийн газарт үүссэн маргааны улмаас амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид мэдээлсэн юм. Мөрдөн шалгалтын урьдчилсан дүнг 2018 оны 11 дүгээр сард нийтэлжээ. Эхлээд сэтгүүлчийг амийг хөнөөх бус улс орноосоо явуулах зорилготой байсан хэмээн Саудын Арабын эрх баригчид тухайн үедээ мэдэгдсэн байна.

Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг явдлын талаарх илтгэлийг АНУ-ын Үндэсний тагнуулын газар өнгөрсөн хоёрдугаар сард нийтэлжээ. АНУ-ын эрх баригчдын үзэж буйгаар, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд сэтгүүлч Ж.Хашоггийг аюултай гэж үзсэн учир ийм ажиллагаа явуулахыг дэмжжээ. Тийнхүү гадаадын тэрс үзэлтнүүдийг сүрдүүлсэн, Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон гэж үзэж буй Саудын Арабын 76 иргэнд визийн хязгаарлалт тогтоох тухайгаа мэдэгджээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ