Оросын орчин үеийн өгүүллэгийн түүвэр монгол уншигчдын хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-04-22 13:00:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэгтэй “Оросын орчин үеийн өгүүллэг”-ийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулахаар болжээ.


Уг түүврийг Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан эрхлэн гаргаж байгаа бөгөөд ирэх 5 дугаар сард хуучнаар Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу "Русский дом"-д нээлтээ хийх гэж байна.

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал, Оросын нэрт зохиолч Алексей Варламов дээрх түүвэр зохиолын оршил үгэндээ “...Тухайн  бүтээлүүд нь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн  Монгол, Оросын уран зохиолын орчуулагч нарын эрин үеийг эзэлсэн хамтын ажиллагааны үр дүн юм” гэж онцлон тэмдэглэжээ.

Түүвэр зохиолд гол төлөв М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн Оросын орчин үеийн зохиолчдын өгүүллэгүүд багтжээ. Тодруулбал, Евгений Поповын “Гээгдсэн үнэт зүйлсийн эрэлд”, Валерий Поповын “Аян замын зүүд”, Михаил Поповын “Цоохор тахиа”, Сергей Дмитренкогийн “Цэцгийн баглаа”, Марина Палейгийн “Дэв засал” кино өгүүллэгүүд, Александр Снегирёвын “Хоёр зуун граммт”, Александр Торопцевын “Максвелын тэгшитгэл хийгээд тэнгэр өөд тэмүүлсэн бяцхан цорго”, Роман Сенчины “Үүрэг”, Александр Сегенийн “Өвөөгийн загалмай”, Владислав Артёмовын “Үхэж үл болно”, Андрей Волосын “Эд агуурс” зэрэг өгүүллэг оржээ.

Энэхүү түүвэрт орсон уран бүтээлчид утга зохиолын олон төрлийн шагнал хүртсэн төдийгүй, бүтээлүүдийг нь олон  хэлнээ орчуулагджээ.


“Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский Дом”-ын захирал Амгалан Ринчинович Базархандаев, Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, доктор О.Чинбаяртай энэ оны нэгдүгээр сард уулзахдаа, “Оросын орчин үеийн зохиолын түүврийн нээлт нь энэ жилээс Соёлын хэлтсийн нэгэн шинэ ажлын чиглэл болохоос гадна соёлын хүрээнд Оросын уран зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, Монгол Улсад дэлгэрүүлэн хэрэгжүүлэх төслийн эхлэл болж байна” хэмээн  мэдэгдсэн юм.


Ташрамд дуулгахад, Улаанбаатар хотноо Оросын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэгдэн гарч буйн сацуу Москвад мөн Монголын орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлэж гаргахаар ажиллаж байгаа аж.

Улаанбаатар дахь “Русский Дом” ийнхүү Монгол-Оросын зохиолчдын уран бүтээлийн оюуны холбоосыг дахин шинээр нээх гэж байна. Учир нь утга зохиолын солилцоо хийлгүй өдгөө 30 гаруй жил өнгөрсний хойно манай хоёр ард түмэн хуучны сайхан уламжлалаа эргэн сэргээж байна.  

Холбоотой мэдээ