АНУ-ын Конгресст “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг дахин өргөн барив

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-04-23 10:16:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимын гишүүн Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, энэ сарын 22-нд Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн барьсан байна.


Энэхүү хуулиар Монголын оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэхийг зорьж буй бөгөөд энэ нь цаашлаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэх, экспортыг төрөлжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухад ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын ГХЯ-наас мэдээлэв.


“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг өмнө нь 2018, 2019 онд Конгресст өргөн барьж байсан. АНУ-ын 116 дугаар Конгресст эл хуулийн төсөл хоёр танхимын нийт 100 орчим гишүүний дэмжлэгийг аваад байсан болно.


АНУ-ын Конгресс Монгол Улсын ардчилал, хөгжил, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа баталж ирсэн. Тухайлбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим  ноднин 12 дугаар сард, Сенатын танхим энэ сарын 15-нд “Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг баталсан болно.

Холбоотой мэдээ