“Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжүүлэх саналаа илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-23 13:52:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас зохион байгуулсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ХХАА-н  Сайд нарын дугуй ширээний дээд хэмжээний цахим уулзалт “Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдал-Хүнсний систем 2030” сэдвээр болов.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан цар тахал Монгол Улсын хүнс, шим тэжээлийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөллийн тухай мэдээлж, урт хугацааны сорилтыг даван туулах, хөдөө аж ахуй-хүнсний системийг бэхжүүлэхэд хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлтийн тухай танилцуулан, санал солилцлоо. Тэрбээр Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Үүний зэрэгцээ шинээр 100 сая ам.долларын төсөвтэй “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” цогц төсөл хэрэгжүүлэх саналаа уулзалтын үеэр илэрхийлэв.


“Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хог хаягдал, хүлэмжийн хийг багасгах тогтвортой хөгжлийн зарчим, дадлыг нэвтрүүлэх, ногоон, хариуцлагатай хөдөө аж ахуй, мал аж ахуйг дэмжих зорилготой. Мөн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, ногоон, өрсөлдөх чадвар их хөдөө аж ахуйн кластер бий болгоно. Хөдөө аж ахуйн биржийн шинэчлэл, цахим хөдөө аж ахуйг бий болгох, зах зээлийн өнөөгийн дэд бүтцийг сайжруулж, бэхжүүлэхэд ч хувь нэмрээ өгөх аж.


Уулзалтад ХХААХҮ-ийн сайд, ТНБД, тус яамны газар, хэлтсийн дарга нар болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн сайд нар, Дэлхийн банкны удирдлага, хатагтай Мари Пангестү, хатагтай Викториа Кваква, ноён Юрген Фөгэлэ, АСЕАН (Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг),  Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид оролцжээ

Холбоотой мэдээ