Монгол Улс “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн 7 улсын нэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-29 17:26:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр ГХЯ, Бангкок дахь НҮБХХ-ийн Бүсийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, хүндлэх, сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.

Гурван жил хэрэгжих энэхүү хөтөлбөр нь “Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх замаар НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг Монгол Улсад нэвтрүүлэх үйл явцыг дэмжих зорилготой юм. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд төр, ТББ, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгэм, бизнесийн холбоод, Худалдаа аж үйлдвэрийн танхимууд зэрэг оролцогч талын мэдлэг, мэдээлэл, чадавх, оролцоог дээшлүүлэхэд чиглэж ажиллана гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээнд дурджээ. Ингэснээр Монгол Улс “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн 7 улсын нэг болж байна. 


Нээлтийн үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний гарын авлага”, “Хүний эрхийн магадлан шинжилгээ: "Ковид-19"-ийн цар тахлын үед бизнесийн байгууллага өөрийгөө үнэлэх түргэвчилсэн сорил” зэрэг бизнесийн байгууллагад зориулсан хүний эрхийн гарын авлагыг танилцууллаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой жижиг төслийн тэтгэлэгт уралдааныг энэ оны 5 дугаар сарын 7 хүртэл зарлалаа. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, хүний эрхийн талаарх зарчмыг хэрэгжүүлэх, түүний дотор бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн зөрчигдсөн хүний эрхийг сэргээх шүүхийн болон шүүхийн бус механизмыг бүрдүүлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай байгааг онцлон дурдав.

“Хүний эрхийн зарчмын хэрэгжилтийг олон улсад сайжруулах замаар Европын Холбоо бизнесийн байгууллагуудад таатай орчин бий болгох, мөн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх механизмыг сайжруулахын төлөө ажиллах болно” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд ТэргүүнМарко Ферри хэллээ. Мөн тэрээр Монгол Улс эдгээр зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний төлөвлөгөөгөө батлах дараагийн улс болно гэдэгт итгэж байгаа гэдгээ илэрхийлээд Европын  Холбоо энэ үйл явцад дэмжлэг үзүүлж, мэдлэг туршлагаа хуваалцахад бэлэн байна гэв.


Холбоотой мэдээ