Улс төрийн нам, эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөх парламентад суудалтай улс төрийн хоёр нам, нэг эвслийн нэр дэвшигчид өнөөдөр эцсийн байдлаар тодорчээ.
Тодруулбал, МАН-ын удирдах зөвлөл болон цахим Бага хурлаараа тус намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Харин О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын ҮБХ-ны хуралдаан өнөөдөр цахимаар болсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийг 97.6 хувийн саналаар дэмжсэн тул ээлжит бус цахим Их хурлаараа ёсчлон батламжиллаа. Мөн М.Тулгат тэргүүтэй тус намын нэг хэсэг цахим санал хураалтаар тодорсон УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг нэр дэвшигчээрээ ёсчлон батлаад байна.
Түүнчлэн "Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд "Датаком" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээр болсныг тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээллээ. Тус нам өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөө захиалъя аяныг өрнүүлж иргэдээс хамгийн олон саналаар санал болгосон хүнд нэр дэвшүүлэх урилгыг хүргүүлжээ. Тус намын Төлөөлөх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, Д.Энхбатыг нэр дэвшүүлэхийг 66.7 хувийн саналаар дэмжсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, дээрх нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар хүргүүлэх юм. Тус газраас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар хянаж дүгнэлт гаргана. Уг дүгнэлтийг энэ сарын 3-5-ны дотор СЕХ-нд хүргүүлэх бөгөөд шаардлага хангасан хүнийг нэр дэвшигчээр бүртгэж санал хураах өдрөөс 16 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор хуульд заажээ.
Ташрамд дурдахад, УИХ-д суудалтай байсан МАХН МАН-тай нэгдсэнээр, дундаасаа нэг нэр дэвшигч тодруулах болсон бөгөөд тус намаас МАН-ын нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлсэн юм.