Газар зохион байгуулалтын мэргэжилтнүүдийг чадавхжуулах цахим сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-04 10:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалтын хэлтсээс “Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр чадавхжуулах цахим сургалт”-ыг энэ сарын 3-ны өдөр зохион байгуулав.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/101 тоот тушаалаар “Газрын харилцааны ажилтны өдрийг угтан зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-г баталсан юм. Энэ ажлын хүрээнд Газрын харилцааны ажилтнуудыг чадавхжуулах цахим сургалтыг цувралаар аймаг, нийслэл, дүүргийн Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулах бөгөөд ийнхүү  эхний сургалтыг зохион байгуулжээ.


Сургалтад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 60 орчим мэргэжилтэн, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 55 орчим мэргэжилтэн оролцсон байна.


Сургалтын хүрээнд улсын болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д дэд бүтцийн хамгаалалтын бүс, зурвас газрыг оруулах ажлын явц, анхаарах асуудлуудыг хөндөн ярилцжээ.


Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, газар өмчлөлийн төлөвлөлт, түүнийг баталгаажуулах ажлын байдал зэрэг газар зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.


Энэ үеэр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, санал авах ажлыг зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ