“Apple” 2023 онд эвхэгддэг “iPhone” гаргаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-05-04 12:15:00

ВАШИНГТОН. /CNBC/. “Apple” компани 8 инчийн дэлгэцтэй эвхэгддэг ухаалаг гар утсаа 2023 онд гаргах боломжийг судалж байна гэж Америкийн телевизийн “CNBC” суваг “TFI Securities” компанийн шинжээч Мин-Чи Куогийн таамаглалаас эш татан мэдээлэв.


Мин-Чи Куо нь “Apple”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний талаарх хамгийн нэр хүндтэй шинжээчдийн нэгд тооцогддог байна. Түүний хэлснээр, “Apple” компани 2023 онд эвхэгддэг загвараа 15-20 саяыг үйлдвэрлэж магадгүй бөгөөд энэ нь зах зээлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэсэн таамаг аж.


Шинжээчийн таамаглаж байгаагаар, шинэ “iPhone”-д "QHD+" нягтралтай, 8 инчийн OLED дэлгэц суурилуулж магадгүй байна. Ингэснээр шинэ “iPhone”-ий дэлгэц нь одоогийн “iPad mini”-тэй (7.9 инчийн диагональ) ойролцоо хэмжээтэй болж магадгүй гэж “CNBC” онцолжээ. Мин-Чи Куогийн үзэж байгаагаар, Apple-ийн шинэ бүтээгдэхүүн нь ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютеруудын эрэлт хэрэгцээг бүдгэрүүлж болзошгүй бөгөөд ингэснээр зах зээл өөрчлөгдөнө.


Одоогийн байдлаар “Samsung”, “Huawei”, “Xiaomi” компаниуд эвхэгддэг загваруудаа гаргасан боловч үнэ нь ихэнх хэрэглэгчдийн хувьд хангалттай өндөр хэвээр байгааг “CNBC” тэмдэглэжээ.




Холбоотой мэдээ