Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан хад, Гашуунсухайт боомтод ажиллалаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-05-07 10:27:54
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт хилийн боомтод ажиллалаа.
Цаг үеийн байдлаас шалтгаалан хилийн боомт хаагдсан асуудлыг хоёр улсын сайд нарын түвшинд ярилцаж, Ногоон бүсийг хадгалахад шаардагдах зардлыг Засгийн газрын хуралдаанд оруулах талаар ярилцлаа.
Хилийн бүсийн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, халдвар хамгааллыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг Ерөнхий сайд энэ үеэр үүрэг болголоо. Тус ажлын багийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар багтсан байна.
Аймгаас Засаг дарга Р.Сэддорж болон албаны бусад хүмүүс очиж газар дээрх нөхцөл байдлаа танилцуулсан юм.
Ерөнхий сайд мөн Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай оношлууруудыг шийдэж өгсөн бөгөөд боомтын үйл ажиллагааг хэвийн болгоход гол анхаарлаа хандуулж байна гэлээ.
Тухайн бүсэд тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн эхний тун, 12 мянга гаруй хүнийг хоёр дахь тунд хамруулаад байна. Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байгаа аж. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. 
Тиймээс экспортыг нэмэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж байгааг салбарын сайд энэ үеэр танилцуулсан юм.


Холбоотой мэдээ