Г.Буяндоржийг суллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-30 12:19:28

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Г.Буяндорж нарт холбогдох хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх уг хэргийг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Г.Буяндоржид Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосон юм. Давж заалдах шатны шүүх Г.Буяндоржид холбогдох хэргээс “бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэснээс хүнд хор уршиг учирсан” гэх үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь Г.Буяндорж нь бусдад залилуулсан тухай өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн байгууллага уг гомдол, мэдээллийг хянан үзэж, зохих шалгалт явуулсны үр дүнд сэжиглэх хангалттай үндэслэл байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, сэжигтнийг цагдан хорьж шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байдаг. Дээрх үйл явдалд Г.Буяндоржийг залилуулсан хэмээн өргөдөл гаргаж бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэж буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний эрхийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Харин Г.Буяндоржийг бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэрэгт зааснаар ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 111.2 болгон өөрчилжээ. Улмаар энэ зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ял болох зургаан сарын баривчлах ялыг оногдуулсан бөгөөд Г.Буяндоржийн цагдан хоригдсон нийт хоног нь шүүхээс оноосон баривчлах ялтай дүйцсэн учраас ял эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас суллах шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн сэтгүүлч С.Баттулгын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж торгох ялыг хөнгөрүүлсэн, бусад шүүгдэгчдийн цагдан хоригдсон хоногийг зөвтгөж шийдвэрлэжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд