Германд цахим гэмт хэргийн гаралт өсжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-11 12:24:57

БЕРЛИН. /DW/. Германд цахим гэмт хэргийн гаралт 2020 онд найм орчим хувиар өссөнийг тус улсын Эрүүгийн цагдаагийн алба мэдээлжээ. Гэмт этгээдүүд коронавирусний цар тахлыг далимдуулан хуурамч вакцин худалдаалж, гэрээсээ ажиллаж буй хүмүүсийг онилох болжээ.


Эрүүгийн цагдаагийн албанаас даваа гарагт танилцуулсан жилийн тайланд дурдсанаар, мэдээллийн технологийн системд халдах тохиолдол ихээхэн нэмэгдсэн байна.


“Улсын хэмжээнд 2020 онд 108 474 цахим гэмт хэрэг гарсан нь өмнөх оныхоос 7.9 хувиар өссөн бөгөөд энэ нь 2015 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм” гэж Эрүүгийн цагдаагийн албаны цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Карстен Мэйвит мэдээлжээ.


Тэдгээрээс мэдээлэл хулгайлах, компьютерт халдах зэрэгтэй холбоотой хэргийн тоо 2019 оныхтой харьцуулахад хамгийн ихээр буюу 18 хувиар өссөн байна.


Цар тахал хэрхэн нөлөөлөв?

Энэхүү тайланд дурдсанаар, өнгөрсөн онд коронавирусний цар тахалтай тэмцэж буй компани, хүрээлэнгүүдийг онилсон халдлагын тоо эрс нэмэгджээ. Үүнд эмийн компаниуд, вакцинжуулалтын платформууд болон вакцины нийлүүлэлт, хүргэлтийн хэлхээ ч багтжээ.


Мөн хууль бус цахим сүлжээгээр коронавирусний хуурамч вакцин зарах гэсэн оролдлогуудыг цагдаа нар илрүүлсэн байна. “Цар тахал гэмт этгээдүүдэд халдлага үйлдэх шинэ үүд хаалгыг нээсэн” гэж тайланд тэмдэглэжээ. Түүнчлэн хүмүүс гэрээсээ ажиллаж, сурах болсонтой холбоотойгоор ийм хэрэгт холбогдох тохиолдол өссөн байна. 

Холбоотой мэдээ