Л.Пүрэвлхам: Өндөр гэгээний үлдээсэн өв монголчуудын төдийгүй хүн төрөлхтний үнэт зүйл юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-12 17:15:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор шилдэг уран бүтээлч, шилдэг бүтээлийг шалгаруулах “Өндөр гэгээний соёлын өв” Олон улсын наадмыг зохион байгуулж байна. Энэ талаар Боловсрол, соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга, соёл судлаач, докторант Л.Пүрэвлхамаас тодрууллаа.

 

-Энэ удаагийн наадмын онцлог тал юу вэ?

онголчууд бид эртнээс ямар ч үед өв уламжлал, соёл урлагаа хаялгүй авч явж ирсэн улс. Дэлхий нийтийг хамарсан хүнд нөхцөл байдал, эдийн засгийн хямрал болж байгаа хэдий ч “Өндөр Гэгээний соёлын өв” Олон улсын урлагийн наадмаа зохион байгуулж буй нь үүний нэг илэрхийлэл юм.

Анх манай Боловсрол соёл урлагийн газраас салбартаа 2020 оныг “Соёлын дархлааг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар зураач С.Чулуунбаатар ахыг зорьж очиход бидний урилгыг халуун дотно хүлээн авч, энэ уралдааныг санаачлан хамтын үйл ажиллагаа маань эхэлсэн.

Ер нь бид өв соёлдоо үнэт зүйлийнхээ мөн чанарыг нь ойлгож, цагийг нь олж бахархаж чаддаг байх хэрэгтэй. Өндөр гэгээний үлдээсэн өв зөвхөн монголчуудын төдийгүй хүн төрөлхтний үнэт зүйл юм. Тиймээс энэ жил дэлхийн урлагийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан уран зураач, уран барималч, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Олон улсын урлагийн II Их наадам болгон өргөжүүлэн зохион байгуулж байна. 

-Уг наадмыг зохион байгуулснаар ямар үр дүн, ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

-Өндөр гэгээний өв соёлыг сурталчлах, өвлүүлэх талаар Өвөрхангай аймаг хөгжлийн бодлогын баримт бичгүүддээ тусгасан байдаг. Тийм учраас аймгийн Засаг даргын ивээл дор, Өндөр гэгээний мэлмий гийсэн Есөнзүйл сумын нутагт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд Олон улсын шилдэг уран бүтээлчид оролцдог томоохон урлагийн наадам болгохоор бид ажиллаж байна.

Уг наадмаар Гэгээнтнийхээ нэрэмжит нэр хүндтэй шагналыг бий болгож, шилдэг бүтээлийг шалгаруулаад зогсохгүй цахим орчинд уран бүтээлчдийн сэтгэлгээний ур, гарын ур, зүтгэл, хөдөлмөр шингэсэн урлагийн бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлж, таниулан алдаршуулснаараа ач холбогдолтой юм. Орон нутгийн хөгжилд ч хувь нэмэр оруулахуйц соёлын үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа байгаасай гэж хүсч байна.

-Уралдаанд оролцогчид бүтээлээ хэрхэн ирүүлэх вэ, мөн шалгаруулалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн дунд “уран зураг”,  “монгол зураг”,  “уран хатгамал“, "арьсан болон эсгий урлал”,  “баримал, уран дархан, сийлбэр”, “өв цуглуулагч”, орчин үеийн урлаг” гэсэн төрлөөр зохион байгуулж байна. Уралдааны I үе шат 07 дугаар сарын 10 хүртэл онлайн хэлбэрээр явагдах ба II шатанд шалгарсан бүтээлүүдийн шалгаруулалт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, шалгаруулалтад зориулсан урлаг, соёлын наадмыг  7 дугаар сарын 14-18 өдрүүдэд зохион байгуулна.

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг болон уралдааны удирдамжийг ZANABAZAR ART FESTIVAL, Соёлын өв Хөгжлийн дархлаа цахим хуудсаас үзэж танилцаж болно. Энэхүү үйл ажиллагаа нь та бидэнд дүрслэх урлагийн гайхамшигт бүтээлүүдийг нэг дороос үзэх, бусад орны нэрт уран бүтээлчдийн бүтээл туурвилтай танилцаж, мэлмийгээ баясгах ховор боломжийг олгож байгаа.


-Одоогоор хэчнээн хүний ямар бүтээлүүд ирээд байна, олны танил, нэр төртэй хүмүүс ч багагүй оролцож байх шиг байна?

нөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймаг, Орос, Хятад, Герман, Солонгос, Македон, Косово, Кипр улсын 100 гаруй  уран бүтээлч 300 гаруй  бүтээлээр оролцоод байна.

АНУ-д бүтээлээ туурвиж дэлхийн олон орны үзэгчдийн талархлыг хүлээсэн Монголын цаасан хайчилбарын томоохон төлөөлөл С.Төрбурам, Германы контемпорари уран бүтээлч, орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Марк Шмиц нарын бүтээл, дэлхийд алдартай зааны ясан сийлбэрийн төлөөлөгч ОХУ-ын Саха Якут Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Амыдаев Василий Никалаевичын сийлбэр, ОХУ-ын Саха Якут Улсын зураачид, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж байгаа Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач, Дэлхийн ТОП шилдэг 100 зураачийн нэг До.Болдын гайхамшигт зураг,  Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддоржийн уран баримал, МУСГЗ, нэрт хошин шог зураач С.Цогтбаярын байгалийн үзэсгэлэнт газрын зургууд, Монголын нэрт зураач С.Төгс-Оюуны бүтээлүүд, МУЭ-ийн ахмад зураач С.Алтангэрэлийн Отгонтэнгэр хайрханы тухай бүтээлүүд, ахмад уран бүтээлч Ё.Бадарчийн уран зураг, Баян-Өлгий аймгийн уран хатгамал, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатарын усан будгийн гайхалтай бүтээлүүд ирээд байна. Мөн наадамд оролцогч бусад орны болон Монгол Улсын өнцөг булан бүрээс урлагийн сод бүтээлүүд ирсээр байна. 

-Уг наадмыг дэмжин ажиллах, хамтран оролцох сонирхолтой байгууллага, хувь хүн олон байгаа гэж сонслоо?

-“Өндөр Гэгээний соёлын өв” Олон улсын наадмын байнгын ерөнхий зохион байгуулагч нь аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёл, урлагийн газар, Senger Agi Art галерей юм. Энэ жил бидний ажлыг олон төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна. Тухайлбал, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс Гранпри шагнал хүртсэн уран бүтээлчдэд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ тавих эрхийг олгож,  төрөл тус бүрт шалгарсан уран бүтээлчдийг музейнхээ нэрэмжит тусгай шагналуудаар шагнаж урамшуулах юм.

Мөн аймгийн зураач, урчуудын нэгтгэсэн “Барт хүрээ” төрийн бус байгууллага хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Уг наадмыг дэмжин ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн Засаг дарга А. Ишдорж болон хамтран ажиллагч зураач С.Чулуунбаатар, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, МУСГЗ С.Цогтбаяр, Есөнзүйл сумын ЗДТГ, Соёлын төв, орон нутгийн соёл, урлагийн байгууллагууд, “Барт хүрээ” ТББ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

-Өнгөрсөн жилийн анхны наадмаар Хурд хамтлаг дуу зохиож, олны хүртээл болгосон. Энэ жил ямар нэг онцгой, шинэлэг зүйл байгаа болов уу?

-2020 онд уг наадмыг 6 төрлөөр зөвхөн Өвөрхангай аймгийн гаралтай зураач, урчуудын дунд амжилттай зохион байгуулж, 116 уран бүтээлч оролцсон. Хайрхандулаан сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга М.Уламбаяр, "Ногоон нуур" ХХК, "Баянтээг" ХК зэрэг олон газар дэмжиж хамтран ажилласан. 2020 оны уралдааны үеэр “Хурд” хамтлаг Өндөр Гэгээний тухай дууны шүлгийн уралдааныг зарлаж, “Монголын шүтээн” хэмээх гайхалтай дууг бүтээн олон нийтэд хүргэсэн. Цаашид энэ дуу “Өндөр Гэгээний Соёлын өв” олон улсын наадмын сүлд дуу болно гэдэгт итгэлтэй байна. 

Занабазар судлалыг хөгжүүлэх, Өндөр Гэгээний өвийг илүү сайн судалж шинжлэх ухааны эргэлтэд оруулах зорилгоор энэ жилээс эхлэн Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг санаачлаад цаашид тогтмолжуулахыг зорьж байна. Уг хурлыг Нүүдлийн соёл иргэншлийн Олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулна.

“Өндөр Гэгээний соёлын өв - 2021” Олон улсын шалгаруулалтын наадамд зориулж, уг наадмын анхны Гранпри шагнал урлагийн тэнгэр “Янжинлхам”-ын эзэн зураач Н.Амгаланбаатар өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэлдээ орсон нь бас нэг бахархууштай явдал юм.

-Өндөр гэгээний өв соёлыг сурталчилдаг, судалдаг хүний хувьд сэтгэл эмзэглэх зүйл байдаг уу?

-“Уудлаад, судлаад, уллаад баршгүй тэргүүн дээдэс минь. Ухаараад, хүндлээд нандигнан дээдэлвээс бэлгэдэл нь амирлах Өндөр Богд минь” гэж бодож дээдэлдэг. Гэгээнтэн Төвхөнөөс өөрийн таван настай лагшинг шуумлаар мутарлан бүтээж “Надад хэлэх зүйл байвал үүнд хэлчихэж байгаарай” гэж хэлээд тайван явсан. Яагаад гэвэл Монгол үндэстэн мөнх оршино гэдгийг мэдэж “Алтан соёмбо”-оо бүтээсэн учраас тэр билээ.

Өндөр гэгээний бүтээлийг судлах, анзаарах тусам дахиад уудалмаар агуулга, асуулт, эрлийн үзүүр шинээр бий болоод  байдаг юм. Дүрслэхүйн дэг сургуулиас гадна, аман өв, уламжлалт зан үйлтэй холбоотой соёлын үнэт зүйлийг үлдээжээ.

Өндөр гэгээний үлдээсэн өв дундаршгүй хийгээд гайхамшигтай. Эрхэм бөгөөд оршихуйн гагнаас буюу. Бид алсаас, хэн нэгнээс л эрэл сурал болоод өөрсдийгөө өөр газраас олчих санаатай энийг ч дуурайж, тэрийг ч дагаж цээжээ дэлдэж, хэн нэгэнд хий л омгорхож байгаад үнэт зүйл”-ээ гээх вий. Түүнийг өрөөлөөс бус өөрсдөөсөө, өвгөдийн голомтоос л олж, өвлөж, өөриймшүүлж, дархалж гэмээнэ бид орших боломж нь юм.  

Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ