МҮХАҮТ Японы ЖАЙКА байгууллагатай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-13 16:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөгийн балны кластер байгуулах, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр МҮХАҮТ, ЖАЙКА байгууллага хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Энэ хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, ХХААХҮЯ, ҮХГ хамтран хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих MONMAP – “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” хэрэгжүүлж байгаа.


Тухайлбал, зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулах, кластер байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Үүнд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газар, Сэлэнгэ аймаг дахь  салбар танхим, СХЗГ, МХЕГ, Монголын зөгийчдийн нийгэмлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын зөгийн баг, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулаад байна. Ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сард зөгийн балны кластерыг албан ёсоор байгуулах аж.


Мөн орон нутагт ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төслийг МҮХАҮТ-ын 21 салбар танхимаар дамжуулан хэрэгжүүлнэ. Төслөөс туршилтын нэг үйл ажиллагаанд 20 000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох аж. Туршилтын төслийн танилцуулгыг энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулан, төслийн саналыг 6 дугаар сарын 31-ний дотор хүлээн авна. Ирүүлсэн төслүүдэд МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газар, ЖАЙКА байгууллагын төслийн экспертүүд зөвлөн чиглүүлж ажиллах юм.

Холбоотой мэдээ