Сумдад ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-25 11:35:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас санаачлан "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" ТББ-тай хамтран “Дундговио ногооруулъя” уриан дор мод бут сөөг тарих, арчлах хамгаалах, хүлэмжийн нарийн ногоо тариалах, цэцэг арчлах 3 өдрийн сургалт зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа ба 15 сумаас 70 хүн оролцож байна.

Сургалтад оролцогчид мод бут сөөг тарих, арчлах, хамгаалах, хүлэмжийн нарийн ногоо тариалах, цэцэг арчлах зэрэг арга зүйг эзэмшин туршлага хуримтлуулж, сумандаа очоод иргэдэд зөвлөгөө өгөх чадвар эзэмших ажээ.  

2022 онд Дундговь аймаг аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиох ба энэхүү түүхэн ойгоо угтаж 8 түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд “Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн Д.Наранцогт хандивын аян өрнүүлж, "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" ТББ-тай хамтран тарьц, суулгац бэлтгэн Улаанбаатараас авч ирсэн.

Тиймээс энэхүү сургалтаар мод тарих, арчлах арга зүйг эзэмшүүлэхээс гадна сумдад тарьц суулгац өгөх ажээ.

Сургалтын үр дүнгийн талаар “Эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн Д.Наранцогт хэлэхдээ “Дундговьд мод тарих ажлаа эхэлж байна. Бид мод тарьж ургуулах хүмүүсээ эхлээд бэлтгэнэ. Дараа нь хамтдаа модоо тарина. Тэгээд тарьсан модоо арчилж ургуулна.

Цаашдаа сургалтад хамрагдсан иргэд сум сумандаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах, зөвлөгөө өгөх чадвар суухаас гадна хүлэмжийн аж ахуй эрхэлж, эрүүл хүнсээр аймаг орон нутгаа хангах, сум бүр өөрийн брэнд болсон нарийн ногоо үйлдвэрлэх боломжтой болох зорилгын төлөө төрийн байгууллага, дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллана” гэлээ. 

Холбоотой мэдээ