БОЭТ-д нэг удаагийн хамгаалах хувцас бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-05-26 13:26:02
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Батжаргал БОЭТ-ийн Халдвартын тасагт болон "Ковид 19" цар тахлын эсрэг ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэглэл, нүүрний хаалт, дархлаа дэмжих витамин бэлэглэлээ.

Дээрх хувцас хэрэглэлийг БОЭТ-ийн дарга Б.Наран-Эрдэнэд хүлээлгэн өгч, цар тахлын хүнд үед иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд талархаж буйгаа мөн илэрхийлсэн юм.

БОЭТ-ийн Халдвартын тасагт өдөрт дунджаар 16 эмч, сувилагч ажилладаг. Халдварын тархалт хумигдаагүй, эрсдэл өндөр байгаа энэ үед эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж 60 гаруй хувцас хэрэглэл, 100 орчим нүүрний хаалт, дархлаа дэмжих витамин өгсөнд БОЭТ-ийн удирдлагууд ч талархаж байлаа.

Орхон аймагт нийт халдвар авсан 646, эдгэрсэн 533 хүн байна. Дархлаажуулалтын хоёр дахь тундаа хамрагдсан 20 гаруй мянган иргэн байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 70, гэрийн ажиглалтад 831 хүн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 14 хүн халдвар авсан нь иргэдийг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжихийг анхааруулсаар байгаа юм.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Батжаргал хэлэхдээ, “Цар тахлын хүнд үед хамтдаа тэмцэж хүн бүр хариуцлагтай байхыг нийт  Эрдэнэтчүүддээ уриалж байна” гэсэн юм.  

Холбоотой мэдээ