“Shell” компанид CO2-ын ялгарлаа бууруулахыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-27 12:55:20

АМСТЕРДАМ. /BBC/. Нидерландын шүүх нефтийн салбарт тэргүүлэгч “Royal Dutch Shell” компанид нүүрстөрөгчийн давхар ислийнхээ /CO2/ ялгарлыг 2030 он гэхэд 2019 оны түвшнээс 45 хувиар бууруулахыг үүрэг болгожээ.


Гааг хотын шүүхийн баримт бичигт дурдсанаар, Англи-Нидерландын “Shell” групп компанийнхаа болон  нийлүүлэгчдийнхээ CO2-ын ялгарлыг хариуцах ажээ.


"Энэ нь Парисын уур амьсгалын хэлэлцээртэй уялдуулан аливаа компанид хуулийн дагуу үүрэг хүлээлгэж буй анхны тохиолдол" болохыг “Friends of the Earth” байгаль орчныг хамгаалах байгууллага мэдээлжээ.


Хэдийгээр энэхүү шийдвэрийг Нидерландад гаргасан ч дэлхий дахинд үр нөлөөгөө үзүүлнэ. “BBC” телевизийн Нидерланд дахь сурвалжлагч Анна Холлиган энэ талаар мэдээлэхдээ, Гаагийн шүүх “үлгэр жишээ шийдвэр” гаргалаа хэмээсэн байна.


Харин “Shell” компанийн хэвлэлийн төлөөлөгч, “Шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдээд, компанийн хувьд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа бууруулах чиглэлд хүчин чармайлтаа ахиулсаар буйг" онцлон хэлжээ.


"Shell" компани нь 2030 он гэхэд CO2-ын ялгарлаа 20 хувиар бууруулах зорилт тавиад байсныг "CNBC" телевиз мэдээллээ.  

Холбоотой мэдээ