АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-27 17:53:21

ВАШИНГТОН. /AP/. АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид Ерөнхийлөгч Жо Байденыг үүрэгт ажилдаа орсноос хойш өнөөдөр анх удаа утсаар ярьжээ. Гэвч талууд татварын дайныг дуусгах хэлэлцээг хэзээнээс дахин эхлүүлэх талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.


АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай худалдааны харилцааны талаар хийж буй “үнэлгээнийхээ” талаар ярьсан гэж түүний ажлын албанаас мэдээлжээ. Мөн Хятадын Худалдааны яамнаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ “тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг” хөндсөн гэж мэдээлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Ж.Байден одоогоор Ерөнхийлөгч асан Дональд Трампын эхлүүлсэн зөрчлийн талаар ямар бодлого баримтлахаа хараахан танилцуулаагүй байна. Д.Трампын хувьд Бээжингийн аж үйлдвэрийн бодлого, худалдааны алдагдлыг шүүмжилж, импортын бараа бүтээгдэхүүнийх нь татварыг нэмэгдүүлсэн юм. Үүний хариуд Хятад улс АНУ-аас шар буурцаг худалдан авахаа түр зогсоож, бусад бараа бүтээгдэхүүний татварыг өсгөсөн билээ.


Хоёр талын төлөөлөгчид 2020 оны эхээр цар тахал дэгдсэнээс хойш биечлэн уулзаагүй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард байгуулсан худалдааны “нэгдүгээр үе шатны” хэлэлцээрээр талууд хоёр талын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулахгүй хэмээн тохиролцож, зарим бүтээгдэхүүний татварыг бууруулжээ. Мөн БНХАУ Америкаас шар буурцаг гэх мэт бусад бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлэх амлалт өгчээ. Гэвч цар тахал дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлсөнтэй холбоотойгоор Бээжин үүрэг амлалтаа биелүүлж чадаагүй байна. 

Холбоотой мэдээ