“A Quiet Place Part II” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-31 12:11:05

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Америкийн “Paramount” компанийн уран бүтээл “A Quiet Place” аймшгийн киноны хоёрдугаар анги кинотеатруудад нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 48.3 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.


Ингэснээр 2018 онд үзэгчдийн хүртээл болсон “A Quiet Place” киноны үргэлжлэл болох “A Quiet Place Part II” нь “COVID-19” цаг тахлын үед Хойд Америкт эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон кино болж, “Warner Bros”, “Legendary” компанийн “Godzilla vs. Kong” киноны тогтоогоод байсан амжилтыг эвдсэн байна. Уг кино нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн долоо хоногтоо 32.2 сая ам.долларын орлого олоод байжээ.


Америкийн найруулагч Жон Красинскийн бүтээсэн “A Quiet Place” кинонд хараагүй боловч сонсох чадвар нь өндөр хөгжсөн мангасууд бүхий ертөнцөд амьдарч буй гэр бүлийн талаар өгүүлдэг юм. Эхний ангийн гол дүрүүд болох Эмили Блант, Миллисент Симмондс, Ноа Юп нар хоёр дахь ангид мөн өөрсдийн дүрийг бүтээсэн байна. 


Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын /box office/ хоёрдугаар байрт “Disney” компанийн “Cruella” гэмт хэрэгт, инээдмийн кино жагссан бол гуравдугаарт “Lionsgate” компанийн “Spiral: From the Book of Saw” аймшгийн кино бичигджээ. Цар тахлын улмаас нэг жил гаруйн турш уналтад ороод байсан кинотеатрын зах зээл ийнхүү сэргэх төлөв ажиглагдаж буйг "Hollywood Reporter", "Variety" сэтгүүлд бичжээ. 

Холбоотой мэдээ