Үндэсний соёл амралтын хүрээлэнг зориулалтын бусаар ашиглахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-01 13:45:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хүүхдийн эрхтэй холбоотой багц асуудлыг хэлэлцэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой үүрэг чиглэл өгөв.


Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшил газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрхийг нь цуцлах үүргийг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Д.Сумъяабазарт даалгалаа. Энд зөвхөн хүүхэд залуустай холбоотой үйл ажиллагаа явуулах аж.

ҮСАХ байгуулахыг 1962 онд санаачлан, 1966 онд байгуулж, 2005 оноос төр хувийн хэвшлийн хамтын ажилагаагаар үйл ажиллагаа явуулж байна. Хүрээлэнгийн одоогийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар “Монголын үндэсний соёл, амралтын хүрээлэн” компанид 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.


Мөн, 1978 онд байгуулагдсан олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд бүрэн засвар хийх чиглэл өглөө. Одоогоор тус барилгын ашиглалт хүнд байдалд ороод байгаа тул тухайн газар нутагт нэмж газар олгохгүй байхыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болгов. Энэ хүрээнд зураг төсөл нь үргэлжилж байгаа “Найрамдал-2” зусланг Хөвсгөл аймагт байгуулахаар ярьж байсныг судалж, 2022 оны улсын төсөвт тусгахыг Ерөнхий сайд үүрэг, чиглэл болголоо.


Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 4-р хороонд байдаг жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж С.Жуковын талбайд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгож тохижуулахыг Хотын даргад даалгажээ.


Үүнээс гадна амаржих газрын ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын барилга байгууламж, өргөтгөл барих, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх чиглэлийг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүрэг өгөв. 


Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан “Хүрээ” амаржих газар гэхэд 85 ортой үйл ажиллагаа явуулж байна. 1978 онд байгуулагдсан “Өргөө” амаржих газарт 2013 онд өргөтгөл хийснээр 150 ортой ажиллаж байгаа. “Амгалан” амаржих газар 2015 онд шинэ байранд орж, 200 ортой үйл ажиллагаа явуулж байна.


Засгийн газраас цаашид Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авах аж.

Холбоотой мэдээ