ДЭМБ Хятадын хоёр дахь вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-02 09:10:00

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Хятадын “Sinovac” компанийн гарган авсан “Covid19”-ийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ.


Ингэснээр “Sinovac”-ийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин болж байна. Өмнө нь “Sinopharm”-ийн вакцинд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.


Түүнчлэн вакциныг шударга хуваарилах зорилготой “Covax” хөтөлбөрт “Sinovac”-ийн вакциныг ашиглах үүд хаалга нээгдэж байна.


Хэд хэдэн оронд хэрэглэгдээд буй “Sinovac”-ийн вакциныг 18-аас дээш наснахынд хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд хоёр дахь тунг 2-4 долоо хоногийн дотор хийлгэх ёстой аж.


“Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоно гэдэг нь вакцин аюулгүйн, үр дүнгийн болон үйлдвэрлэлийн олон улсын стандарттай нийцэж байна гэсэн үг юм” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна.


“Sinovac” нь вакцин хийлгэсэн хүмүүсийн тал гаруйг нь халдварт өвчнөөс хамгаалж байсан бол өвчний хүндрэл илрэхээс 100 хувь хамгаалж байсныг судалгаа харуулжээ.


Тус вакциныг Хятадаас гадна Чили, Бразил, Индонези, Мексик, Тайланд, Турк орнуудад хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа аж.

Холбоотой мэдээ