NASA Сугар гаргийг судлах хоёр хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-06-04 12:07:47

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Сугар гаргийн агаар мандал, геологийн онцлог шинж чанарыг судлах хоёр шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв.


Төслүүд тус бүрд 500 сая доллар төсөвлөсөн бөгөөд 2028-2030 оны хооронд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.


NASA-гийн мэдээлснээр, “DAVINCI+” (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging) нэртэй эхний хөтөлбөрийн хүрээнд Сугар гараг хэрхэн үүссэнийг, мөн нэгэн цагт далай байсан эсэхийг тогтоох зорилгоор уг гаргийн агаар мандлыг судлах аж.


Хоёр дахь нь “VERITAS” (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography, and Spectroscopy) хэмээх хөтөлбөр бөгөөд Сугар гараг дэлхийгээс өөрөөр хөгжсөн шалтгааныг тогтоохын тулд гаргийн гадаргуугийн зургийг газрын зурагт буулгаж, геологийн түүхийг нь судлах юм.


NASA хамгийн сүүлд "Magellan" нэртэй станцаа 1990 онд Сугар гараг руу илгээж байжээ. Уг аппарат энэ гаргийг дөрвөн жилийн турш тойрон эргэж, гадаргуугийнх нь мэдээллийг цуглуулсан байна. 


Сугар нь наранд хамгийн ойр оршдог хоёр дахь гараг бөгөөд Нарны аймгийн хамгийн халуун гараг юм.

Холбоотой мэдээ