210 хүн гэрийн ажиглалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусний
халдварын 84 тохиолдол бүртгэгдэж, 29 нь эмчлүүлж байна.
4 дүгээр сарын 8-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш
Эрдэнэдалай, Өлзийт, Дэрэн суманд голомтлон гарсан 55 тохиолдлыг бүрэн
эмчилж, аймгийн Онцгой комиссоос “ногоон бүс” болсноо зарлаад тун удаагүй байтал Дэлгэрхангай,
Сайнцагаан суманд халдвар гарч, сүүлийн өдрүүдэд халдварын тархалт нэмэгдэх
төлөвтэй байна.
Дэлгэрхангай суманд гарсан 15 тохиолдлыг сумын ЭМТ-д
хэвтүүлэн эмчилж байгаа бол Сайнцагаан сумын хувьд өвчтөнөө Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчилж байна.
Аймгийн төвд халдвар нэмж гарах магадлалтай байгаа
тул "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн дотуур байранд өвчтөн хүлээн авах ор
нэмж дэлгэхээр бэлтгэж байгаа аж.
6 дугаар сарын 8-ны байдлаар Сайнцагаан суманд тусгаарлан
ажиглах байранд 7, гэрийн ажиглалтад 93, Дэлгэрхангай суманд 56 хүн тусгаарлан
ажиглах байранд, 210 хүн гэрийн ажиглалтад байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 355 хүнээс PCR шинжилгээ авч, сорьцыг
Улаанбаатар хот руу шинжлүүлэхээр илгээжээ.