Жижиг, дунд үйлдвэрийн салбар дахь Монгол, Оросын хамтын ажиллагааг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-07 12:44:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Санк-Петербург хотноо энэ сарын 2-5-нд болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн салбар дахь Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний хурал болов.

Тус хуралд монголын талаас ХХААХҮЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, “Монгол-Оросын Бизнес Зөвлөл” (РМДС) төрийн бус байгууллагын төлөөлөл, оросын талаас “Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци”, Буриад Улсын Засгийн газар, Үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци, “Оросын тулгуур” ТББ-ын удирдах албан тушаалтнууд оролцов. Мөн
хил орчмын жижиг, дундын бизнес эрхлэгчип, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.


Хуралд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн Удирдах зөвлөлийн дарга,  ерөнхий захирал А.И.Исаевич нар  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, ОХУ-ын Холбооны жижиг, дунд  үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

Дугуй ширээний хурлын үеэр Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан ашиг, уялдаатай хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн нэмүү өртөгийн сүлжээг бий болгох хамтын ажиллагааг дэмжихэд  хоёр талын  хүчин чармайлт шаардлагатай байгааг талууд онцлов. Мөн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шинэлэг механизмыг бий болгох, монголын уламжлалт анагаах ухаан, эмчилгээний экспорт, аялал жуулчлалын салбарыг дэмжсэн дэд бүтцийг бий болгох төслийг хөхиүлэн дэмжих ёстойг тэмдэглэж, оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион бүтээсэн “Бизнес навигатор” аппликейшнийг Монгол Улсын бизнес эрхлэгчдэд хүлээлгэн өгч хамтарсан сургалт зохион байгуулах санал дэвшүүлэв.

Холбоотой мэдээ