УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-30 14:43:09

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Булган сумын төв,  Байтаг, Алагтолгой, Баянсудал, Баянгол баг, Мөст, Манхан сумын төвийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийг нөхцөл байдлыг танилцуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэж, чуулганаар батласан хуулиуд болон намрын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн талаар танилцууллаа. Иргэд эдийн засаг хямарч, малын үнэ буурсан нь малчдад хүндрэлтэй байна. Тиймээс  махны экспортыг дэмжиж, малчдад бодит орлоготой болох боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч байлаа.

Д.Батцогт гишүүн хэлэхдээ, "Миний бие саяхан Монголын махны холбооны тэргүүнээр сонгогдсон. Сүүлийн үед уул уурхайг хэт шүтэж амьдрах нь  хөгжил биш, шавхагдашгүй баялаг бол МАА юм гэдэг нь тодорхой болж байна. Тиймээс миний бие махны экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Засгийн газар ч махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуйн салбарыг дэмжих тал дээр эрчимтэй ажиллаж буй.  Ингэхийн тулд бидэнд махны  үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Ховд аймаг дэд бүтэц сайн хөгжсөн, байнгын ажиллагаатай боомттой, баруун таван аймаг тойроод байршиж байгаа гэдэг утгаараа махны үйлдвэр байгуулах бололцоотой" гэлээ.

Түүнчлэн малчдын хувьд их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн төлбөрт туйлдаж  байна. Энэ асуудлыг төр зохицуулж өгөөч гэсэн хүсэлт олон иргэдээс гарсан. Д.Батцогт гишүүн, "Их дээд сургуулиудыг төр зохицуулах тусам амь бөхтэй болно. Хувийн өмчид төр оролцох эрх зүйн орчин байхгүй. Өнгөрсөн жилүүдийг харахад их, дээд сургууль төгссөн болгон ажилтай орлоготой сайхан амьдарч чадахгүй байна. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан оюутнууд өндөр цалинтай ажиллаад сайхан амьдарч болж байна. Үүнийг та бүхэн бодолцож сонголтоо хийгээрэй" гэв.   

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд