Эрээнд саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-10 18:16:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрээнд саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэхээр тохирсон тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй Шадар сайд С.Амарсайхантай өнөөдөр уулзах үеэрээ мэдэгдлээ. 


Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу талууд дээрх тохиролцоонд хүрснийг тэмдэглэв.


Тэрбээр, цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа тодотгов. 



Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрийг эрчимжүүлж байгаад Шадар сайд С.Амарсайхан талархал илэрхийлэв.



Тэрээр “Чөлөөт бүс”-ийн ажлыг энэ оны гуравдугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа.


Ташрамд дурдахад, боомтын ажлыг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын баг Замын-Үүдэд ажиллаж байна.

Холбоотой мэдээ