Б.Ядамжав: Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд морьд ашиглах нь үр дүнгээ өгч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-10 22:06:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд морьд ашиглаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Б.Ядамжаваас асууж тодрууллаа.

-Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд морьд ашиглаж байгаа гэсэн. Сонирхолтой санагдлаа?

-Тийм ээ. Анх 2012 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газартай хил дамнасан онцгой байдал, ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, онцгой байдал үүсэж болзошгүй болон үүссэн тохиолдолд цаг хугацаа алдалгүй харилцан мэдээлж, шуурхай арга хэмжээ авч ажиллах. Хил дамнасан түймэр, тэдгээрээс учрах хохирлыг бууруулах талаар зохион байгуулсан уулзалтын үеэр тус улс дахь МЧС-ын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Яг энэ үеэр тус сургалтын төв нь аврах ажиллагаанд морьд ашиглаж байсан нь их боломжийн санагдсан.

Манайд ч мөн урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаанд морьдыг ашиглах боломжтой юм гэсэн санаа эндээс л төрсөн юм. Ингээд Онцгой байдлын ерөнхий газраас 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэ техник технологи, инновац” нэвтрүүлэх зорилтын хүрээнд манай Онцгой байдлын газар зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө албаны морь ашиглахаар төлөвлөсөн. Ингээд байгууллага дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хамт олны оролцоотойгоор дөрвөн морь, эмээл бусад эд хэрэгслийг бэлтгэн ашиглаж эхэлсэн.

-Эрэн хайх, аврах ажиллагаанд морь ашигласнаар ямар давуу тал гарав. Мэдээж үр дүнгээ өгч байгаа байх?

-Бид морьдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашигласнаар давуу талууд гарсан. Тухайлбал 2020 оны 9 дүгээр сард Алдархаан сумын Мандаат багийн “Өргөний ар” гэдэг газар тус сумын өндөр настан 84 настай, эрэгтэй малдаа морьтой яваад сураггүй болсон дуудлагаар Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашин, хоёр морьтой шөнийн цагаар нийт 9 цаг ажиллаж тухайн иргэнийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүргэж өгсөн байдаг.

Аймгийн хэмжээнд гарч буй нийт гамшиг, ослын дуудлагын 40 орчим хувь нь ой, хээрийн түймэр болон төөрсөн, сураггүй болсон зэрэг дуудлага эзэлдэг. Тухайн гамшиг, ослын дуудлагаар ажиллахад алба хаагчид машин техник явах боломжгүй замаар дунджаар 5-10 км тухайн нөхцөл байдлаасаа хамаарч үүнээс хол газар ч явганаар буюу алхаж үүрэг гүйцэтгэх нь бий. Тийм учраас дээрх ажиллагаануудад морьд ашигласнаар цаг хугацаа хэмнэх төдийгүй алба хаагч нарын аюулгүй үүрэг гүйцэтгэх нөхцөл сайжирч байна. Мөн урин дулаан цагаар иргэд амралт чөлөөт цагаа агаар салхинд гарах, гол усанд орох зэргээр өнгөрөөх нь ихэсдэг тул Богд, Чигэстэй зэрэг томоохон голын эрэг дагуу иргэдийг үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд морин эргүүлийг хийж байна.

-Цаашид эдгээр морьдыг өөр ямар аврах ажиллагаанд сургаж ашиглах вэ?

-2021 онд морьдоо тээвэрлэх автомашины асуудлыг шийдвэрлээд байна. Мөн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл, Тэс сум дах Гал түймэр унтраах, аврах ангиудад албаны морьтой болгох, морьдыг уулын, усны чиглэлээр сургахаар судалж байна. Түүнчлэн Улсын нөөцийн салбар, цэгүүдээ түшиглэн морины зүчээ барьж тэжээх, тэжээлийг тариалах ажлыг төлөвлөж байна.

-Ингэхэд шинэлэг шинэ туршлага нэвтрүүлсэн алба хаагч онцгой байдлын албанд хэчнээн жил ажиллаж байна вэ? Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1999 онд Завхан аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах 43 дугаар ангид гал сөнөөгчөөр анх ажилд орж байсан. Ингээд 2002 оноос хойш мэргэжил дээшлүүлж, Цагдаагийн академийг Эрх зүйч, галын байгууллагын ажилтан, Хууль сахиулах их сургуулийг гамшиг судлалын магистр, Дотоод хэргийн их сургууль Удирдлагын академийг Онцгой байдлын стратеги, тактик удирдлага мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 2006 оноос хойш Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангид салааны захирагч, гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн захирагч, Онцгой байдлын хэлтсийн орлогч, ажлын албаны дарга, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, Онцгой байдлын газрын орлогч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна.

 

Танд баярлалаа.

Холбоотой мэдээ