Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Италийн Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-06-11 15:23:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, вакцинжуулалтын явцын талаар мэдээлж, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсаныг нотлох бичиг баримтыг италийн талтай харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар санал солилцлоо.


Монгол, Италийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэн Монгол Улсын арьс шир боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтын төсөлд италийн талтай хамтран ажиллах талаар уулзалтын үеэр талууд хөндөн ярилцлаа. 


Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.

Холбоотой мэдээ