Т.Бах: Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулна

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-06-11 18:01:52

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулна гэдгийг Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах ОУОХ-ны гурван өдрийн цахим хуралдааны дараа дахин нотоллоо. 


Мөн Т.Бах Токио хотод Олимпын наадам эхлэхээс өмнө буюу долоодугаар сарын дундуур хүрэлцэн очихоор төлөвлөж буйгаа мэдээлжээ. Энэхүү айлчлалтын товыг Японд очсоны дараа тусгаарлагдах хугацааг харгалзан үзсэний дүнд шийдвэрлэх ажээ. 


Цахим хуралдааны дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд мөн ОУОХ-ны Олимпын наадмын асуудал хариуцсан дарга Кристоф Дуби оролцжээ. Тэрбээр, “тамирчид коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд “тун итгэлтэй” байгааг" онцлон хэлсэн байна.


Мөн Олимпод оролцогчдын баримтлах халдвар хамгааллын дүрэм журмуудыг дэлгэрэнгүй тусгасан “Токио-2020” гарын авлагын эцсийн хувилбар ирэх долоо хоногт хэвлэгдэнэ гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн К.Дуби Токиогийн Олимпыг “хамгийн сайн бэлтгэл хангасан” наадам хэмээн тодорхойлжээ.


Үүнээс гадна ОУОХ-ны удирдах зөвлөл 2032 оны зуны Олимпын наадмыг Австралийн Брисбен хотод зохион байгуулах саналын талаар тухай хэлэлцсэн байна. Энэ талаарх шийдвэрийг долоодугаар сарын 21-нд Токиод болох ОУОХ-ны хуралдаанаар явуулах санал хураалтын дүнд эцэслэн гаргах ажээ. 

Холбоотой мэдээ