Эх үүсвэр нь тодорхойгүй халдварын тохиолдлууд нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвараар өвчилсөн хүний тоо 204 боллоо.
Сүүлийн 24 цагт 510 дээжийг PCR шинжилгээнд, 130 дээжийг түргэвчилсэн тестийн шинжилгээнд хамруулахад 0,6 хувьд нь өвчлөл илэрчээ. Шинээр батлагдсан 31 тохиолдлын 16 нь ойрын болон дам хавьтал, 15 нь эх үүсвэр тодорхойгүй буюу сайн дурын шинжилгээнд хамрагдсан иргэдээс халдвар илэрсэн байна.
Сүүлийн долоо хоногийн мэдээгээр, Увс аймагт
халдвар гарах эрсдэл эрс нэмэгдэж, өдөр тутамд халдварын тоо эрчимтэй өссөөр
байгаа юм. Өөрөөр хэлбэл саяхан 100 гарч байсан халдварын тоо арав хүрэхгүй хоногийн дотор 200 давлаа. Халдварын өвчлөлд ялангуяа бага насны хүүхдүүд өртөх
эрсдэлтэй байгаа учир эцэг эхчүүд хүүхэдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулах
хэрэгтэй. Мөн эх үүсвэр нь тодорхойгүй халдвар, дам болон ойрын хавьтлын
шинжтэй халдварууд олноор бүртгэгдэж байгаа нь хүн амын дунд халдвар тархах
эрсдэл маш өндөр байгаагийн илрэл бөгөөд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг эрүүл мэндийн
байгууллагаас анхаарууллаа.