Боксчид хос гавьяат, Ази тивийн аваргуудтайгаар Токиогийн олимпыг угтаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-13 17:15:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 2021 оны сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээнээс гурван аварга, 5 хүрэл медальтай ирсэн Монголын боксын үндэсний шигшээ баг /ҮШБ/-ийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөртэй ярилцлаа.


-Монголын боксчдоос тивийн аварга 2, хошой аварга нэг тамирчин тодорч, мөн Монгол Улсын Гавьяат тамирчин хосоороо төрлөө. Баяр хүргэе.


-Баярлалаа. Үнэхээр манай боксын хамт олонд маш баяртай сайхан, мартагдашгүй өдрүүд тохиож байна.


-Таныг ахлах дасгалжуулагч болсны дараах анхны том тэмцээн буюу Ази тивийн АШТ-нд түүхэнд бичигдэх амжилт гаргалаа, нууц нь юу байв?


-Би ахлах дасгалжуулагчийн ажлыг аваад удаагүй байна. Энэ бол маш хариуцлагатай алба. Өнөөдөр үзүүлсэн амжилт бол манай үе үеийн багш дасгалжуулагч, шүүгч, МБХ-ны удирдлага,тамирчдын хөдөлмөр зүтгэл, хүчин чармайлтын үр дүн юм. Ялангуяа, өмнө нь ажиллаж байсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, ОУХМ О.Батхүү тэргүүтэй багш нарын зүтгэл, хөдөлмөр шингэсэн ажлын үргэлжлэл гэж би ойлгож байна. Бид хамтдаа нэг зорилгын төлөө хичээн ажиллаж ирсний үр дүн юм.



-Цар тахлын энэ хүнд үед баг тамирчид бэлтгэлээ хэрхэн базааж ирэв?


-Хамгийн гол нь тамирчдын бэлтгэлийг зөв тохируулах, тэдний сэтгэл зүйг мэдрэх, аливаа асуудлыг ил тод хамтаар шийдэх гэж үздэг. Манай баг тамирчид цар тахлын улмаас 1 жил 6 сар шахуу дотоодын болон олон улсын ямар ч тэмцээн уралдаанд оролцоогүй байсан. Бид олон улсын хүүхдийн “Найрамдал” төв болон Хандгайт дахь Их тамир цогцолборт вакум орчинд бэлтгэл сургуулиа базааж байсан маань их эрч хүч өгсөн төдийгүй бэлтгэлийг тасралтгүй хангаж, форум дэглэмээ баримтлахад их дэм болсон.


Энэ ташрамд онцлон хэлэхэд, дээр дурдсан 2 байгууллагын удирдлага болон нийт ажилчин, албан хаагчдад Монголын боксын холбоо, ҮШБ-ийн хамт олныхоо өмнөөс чин сэтгэлээсээ  талархаж байгаагаа уламжилж байна.


-Дубайд болсон Азийн АШТ-ий хувьд олон өдөр үргэлжилсэн. Цар тахлаас сэргийлэхээс эхлээд баг тамирчдын өмнө тулгарсан нөхцөл байдал ямар байв?


-Энэтхэг улсад болох байсан Ази тивийн 2021 оны боксын аварга шалгаруулах тэмцээн цар тахлын улмаас АНЭУ-ын Дубай хотноо явагдсан. Дубайд бид олон удаа PCR шинжилгээ өгч байсан, мөн зай барих, маскаа зүүхээс эхлээд хатуу дэглэм баримталж байсан. Тухайн улс болон тэмцээн зохион байгуулагчдаас ч ийм дэглэм  баримтлахыг шаардаж байсан. Тэгээд бид тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 5 хүрэл медаль авч өндөр амжилт үзүүлж чадлаа.



-Тивийн 3 аварга, 5 хүрэл медальтан төрсөн гэдгээрээ онцгой амжилт гаргалаа. Энэ бүхэнд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсан бол?


-Бид Чех улсын Усти над Лабем хотод 5-р сарын 4-9-нд зохион байгуулах 51 дэх удаагийн Гран при тэмцээнд оролцохоор 2021 оны 4 дүгээр сарын 29-нд эх орноосоо Европыг зорьсон. Энэ тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн. Ингээд манай баг 5 дугаар сарын 10-20-нд Германд Кубын шигшээ баг болон Герман, Шведийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл болон сорил тэмцээн хийсэн. Тэгээд л 5-р сарын 21-нээс 6 дугаар сарын 1-нд Дубай хотноо Ази тивийн АШТ-д оролцсон. Багийн бүрэлдэхүүнд, ахлагч Ц.Батнасан, миний бие, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар хамтран ажиллаж тамирчдаа дасгалжуулсан бөгөөд Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэлээ маш сайн хангаж чадсан.


Энэ ташрамд, ийм сайхан боломж гаргаж өгсөн Германд амьдарч байгаа боксын гавьяат дасгалжуулагч С.Баясгалан, М.Болд, Цацралт, Герман дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууддаа баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярласнаа онцлон хэлье.



Манай С.Баясгалан Германы боксын холбоотой урьдчилан ярьж, тохиролцсоны  хүчинд уг хамтарсан бэлтгэлд бид хамрагдаж чадсан юм. Энэ хамтарсан бэлтгэл бидэнд бэлтгэлээ бүрэн хангаж, арга туршлагаа улам батжуулахад том боломж олгосон.


-Токиогийн олимпын эрхээ авсан тамирчдын бэлтгэлийг базаахын зэрэгцээ гэмтэл бэртлээс сэргийлэх, сэтгэл зүйг нь бэлдэх, хоол, жин, амин дэмээс эхлээд дасгалжуулагчид болон холбооноос онцгой анхаарах хамгийн хариуцлагатай цаг үе ирж байна. Энэ талаар?


-Энэ оны эхээр "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монголын боксын холбоо /МБХ/-ны 14 дэх ерөнхийлөгч болсон. Тэрбээр 2013-2016 онд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүн бөгөөд “Токио-2020” олимп хүртэлх энэ багахан хугацаанд яаж үр дүнтэй ажиллах талаар шийдвэртэй алхмууд хийж, энэ хэцүү цаг үед баг, тамирчдаа маш их дэмжиж, тусалж байна. Тийм ч учраас бид өндөр амжилт гаргасан нь энэ хүнтэй салшгүй холбоотой.



Ерөнхийлөгч маань саяхан төр засгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан нь түүний ямар чадвартай, хийж бүтээж, удирдан зохион байгуулж чаддаг хүн болохыг харуулж байгаа юм. Мөн манай Э.Цэндбаатар Ази тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан бол ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг эмэгтэй боксчдоос анхны гавьяат тамирчин цол хүртэж, тэд Монголын боксын 15, 16 дахь гавьяат тамирчид болж байна. Энэ бүхэн манай баг хамт олонд их урам зориг өгч байна.



Бидэнтэй хамт БТСУХ, Спортын Анагаах ухаан эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/, МҮОХ болон хоол зүйч, сэтгэл зүйч гээд олон хүмүүс хамтран ажиллаж байгаа. Одоо Токиогийн олимп хаяанд ирлээ. Бидний зорилт бол олимпын медаль авахын төлөө бүхнээ зориулна.



-Өнөөдрийн баг тамирчдын амжилт, эв нэгдлийг хангаж ажиллах зорилтын талаар юу хэлэх бол? 


-Саяхан Төр засгаас тамирчин, дасгалжуулагчдын цалинг нэмсэн нь энэ хүнд цаг үед эдийн засгийн болон сэтгэл зүйн хувьд ихээхэн урам өгсөн явдал боллоо. Юуны өмнө тамирчин, дасгалжуулагч нар аль болох олон тэмцээнд оролцох тусам  тэмцээнээс тэмцээнд туршлага хуримтлуулдаг. Энэ хамгийн чухал асуудал. Манай зарим дасгалжуулагч, тамирчид, бэлтгэл хангагч нар маань тэмцээнд оролцож чадахгүй эндээ үлдсэн. Цар тахлын улмаас болон мөнгө санхүүгийн хувьд багагүй бэрхшээл байгааг тэд маань сайн ойлгож байгаа. Бид бүхнийг дараа дараагийн  тэмцээн хүлээж байгаа. Эн тэнцүү олон сайн тамирчин байж, хамгийн шилдгүүдийг төрүүлдэг жамтай. Биднийг үргэлж дэмжиж байдаг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/, МБХ-ны удирдлага, Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төв, САУЭШТ болон эмч, хоол зүйч, сэтгэл зүйч гээд бидэнтэй хамтран ажилладаг бүх хүмүүстээ баярлалаа. “Хамтын хүч амжилтын үндэс” гэсэн уриан дор хамтдаа хичээн ажиллаж байна даа.





Холбоотой мэдээ