АН-ын бүлэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийг төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-14 18:15:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. 


Төслийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, СЗХ-ны дэд дарга Н.Хүдэрчулуун нарын албаны хүмүүс танилцуулсан юм. Гишүүд, программ хангамжийн нууцлалыг хэн хариуцахыг тодруулж байлаа. Мөн виртуал гэхээс илүүтэй цахим гэж нэрлэх нь дөхөм гэсэн байр суурь илэрхийлж байв. 


Түүнчлэн хувьцааны зөрүүнээс татвар авдаг бол ханшийн зөрүүнээс олсон орлогоос татвар авах эсэхийг асуулаа. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Хөдөлмөр хийхгүйгээр мөнгөө үржүүлнэ гэдэг эрсдэлтэй. Маш олон хүн хохирно. Ядарсан иргэдээ хамгаалах ёстой. Тиймээс хуульчилж хориглох ёстой. Хэний захиалгаар Засгийн газар ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа вэ. Хуулийн төслөө буцааж татах авах ёстой” гэлээ.


Тус хуулийн төсөлд виртуал хөрөнгө худалдаж аваад хохирсон тохиолдолд төр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Үйлчилгээ үзүүлэгч тал иргэдэд санхүүгийн хувьд эрсдэлтэй, хөрөнгөө алдах магадлал өндөр гэдгийг хэлж ойлгуулсан байх гэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх аж.


Мөн хуралдаанаар, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав.


Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийн талаарх мэдээллийг  ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Зохихсүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Дөлгөөн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна нар өглөө. Бүлгийн гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр, бүлгийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ