"Англи хэлний чадварлаг багш” төслийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-16 13:40:42
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Англи хэлний чадварлаг багш” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг төслийн цахим нээлтэд аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Боловсролын бодлого хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтуул, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Батболд болон төсөлд хамрагдахаар хүсэлт гаргасан англи хэл, бусад мэргэжлийн болон бага боловсролын багш нар оролцлоо.
Англи хэлний багш нарын мэргэжил, заах аргын ур чадварыг сургалтын стандарт, тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн, “сургуулийг тасралтгүй сурч хөгжих орчин болгох” соёлыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм. Төсөл хөтөлбарт хамрагдахаар 85 багш бүртгүүлсэн ба алслагдсан сумдын багш нар ч ажиллаж, амьдарч буй газраасаа оролцож өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой нь уг төслийн давуу тал. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Говь нутгийн хөгжлийн гол хөдөлгөгч багш нар амралтынхаа хугацаанд суралцаж байгааг сайшааж, сургалтын чанарт ахиц гарна гэдэгт итгэж байна” гэлээ.
БСУГ-ын дарга Б.Батболд хэлэхдээ "Төрийн зарим үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлдэг жишгээр бид багш нарыг чадавхжуулах энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Эхэлсэн бол дуусгаж, үр дүн гаргаарай" гэсэн юм. Тэрээр багш нарт, хүндрэлтэй асуудал гарвал цаг тухайд нь хэлэлцэж, шийдэл гаргаж ажиллахыг хэрэгжүүлэгч багт хүслээ. Уг төсөл нь “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн санхүүжилтээр хэрэгжих ба энэ оныг дуустал үргэлжилнэ.
Холбоотой мэдээ