Баян-Өлгий аймгийн гол, нууруудад 10 зүйлийн загас идээшин нутагладаг

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-16 13:01:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт оршдог гол, нууруудад 10 зүйлийн загас идээшин нутагладаг гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байдаг.

Тодруулж хэлбэл, Монгол Алтайн нурууны Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарах Ховд, Буянт, Хуримт, Сонгинот, Булган зэрэг гол, Толбо, Хотон, Хурган, Даян зэрэг нуурт монгол хадран, шивэр хадран, зарам, улаан нүдэн, алтайн сугас, шивэр сугас, шаргал үхэрдэй, шивэр гүрц, ердийн гүрц, голын алгана загас нутагладаг.

Монгол хадран, шивэр хадран, зарам, улаан нүдэн, алтайн сугас, голын алгана зэрэг 6 зүйл нь /60 хувь/ агнуурын үндсэн, бусад нь спорт агнуурын болон ан авд өгөөж болгон ашигладаг жижиг загаснууд аж. Тэдний дотроос шаргал үхэрдэй нь Монгол Улсын «Улаан ном»-д бүртгэлтэй, зөвхөн Булган голд цөөн байдаг ховор загас юм.

Зарим загаснуудын товч танилцуулгыг доор хүргэж байна.

Алтайн сугас /англи нэр: Oreoleuciscus/. Алтай Таван богдын байгалийн цогцолбор газрын Хотон, Хурган, Даян нуур, Ховд голд тархсан. Биеийн урт нь дунджаар 60-80 см, 3 кг орчим жинтэй. Нохой сугас, алтайн шар сугас, шөвгөр хоншоорт сугас зэрэг төрөл бий.


Монгол хадран /англи нэр: Mongolian grayling/. Монгол Алтайн нурууны Ховд, Бөх мөрөн, Буянт гол, Хурган, Даян, Тал, Тугал, Чихэртэй, Төгрөг нуурт, мөн тус нурууны өндөр уулан дахь том, жижиг бүх нуур, голуудад идээшин нутагладаг. Хамгийн том нь 75 см урт, 4-5 кг хүрнэ. 20 орчим жил насалдаг бөгөөд 4-5 насандаа үржилд орно.


Шивэр хадран /англи нэр: Arctic grayling/. Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын Хуримт, Сонгинот, Ёлт гол, Ховд голын эхэн хэсэг, Хотон, Хурган, Хоромдог нуурт тархсан. Сайн чанарын махтай агнуурын загас. Биеийн урт 45-50 см хүртэл, дундаж жин 0,3-0,5 кг байдаг.


Улаан нүдэн /англи нэр: Roach/. Булган голд түгээмэл тархсан. Биеийн урт 49 см, жин 2.1 кг хүрнэ. 3-4 насандаа бие гүйцэж үржилд орно. Ихэвчлэн усны ургамал элбэгтэй нарны илчинд амархан халдаг газар сүрэглэн амьдарна.


Шаргал үхэрдэй /англи: Tench/. Булган голд ховор тохиолдоно. Биеийн урт 60 см, жин 7.2 кг хүрнэ. Сүрэглэдэггүй, ганц нэгээрээ амьдарна. 3-4 насандаа биеийн урт 20 см хүрэхэд үржилд орно.


Ташрамд сануулахад, жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл загасыг ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно.

Холбоотой мэдээ