Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-16 14:39:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уул уурхай дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцийн хэрэгжилт”-ийг хэлэлцэх зөвлөгөөн боллоо.


Зөвлөгөөнийг УУХҮЯ, МХЕГ, Уул уурхайн ассоциациас хамтран зохион байгуулав. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос хэрэгжүүлж байна.


Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, ажилтнуудад аюулгүй ажиллах, хандлага соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх,  тохиолдлыг багасгах, удирдлагын тогтолцоо, хяналт, мэдээлэл, статистикийг нээлттэй болгох, санхүүжилтийг оновчтой болгох, ажил олгогч, ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд хувь нэмрээ үзүүлснийг ХНХЯ мэдээллээ.


Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болж, ОУХБ-ын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 155 дугаар конвенц”, “Уул уурхай дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 176 дугаар конвенц”, “Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 167 дугаар конвенц”-д нэгдэн оржээ.


Мөн ОУХБ-ын "Уул уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 176 дугаар конвенц”-д 2015 онд нэгдэн орсноор уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага, хэм хэмжээг тогтоож төр, аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах үүрэг хүлээсэн аж.


Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандарт, конвенцийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцөлд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ талаарх ажиллагсдын ойлголт, мэдлэг, чадвар, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байр бий болгоход төр, ТББ, ажилтан, ажил олгогчийн төлөөллийн байгууллага идэвх санаачилгатай ажиллаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг уриаллаа.

 

Холбоотой мэдээ