Дэлхий даяар 2.45 тэрбум тун вакцин тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-06-17 09:20:28

ВАШИНГТОН. /New York Times/. Дэлхий даяар коронавирусний 2.45 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.


Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 923.91 сая тун вакцин тарьсан бол түүний араас 311.89 сая тун вакцин хийсэн АНУ бичигдэж байна.


Мөн Энэтхэгт 255 сая, Бразилд 80 сая, Их Британид 72 сая, Германд 61 сая, Францад 44 сая, Италид 43 сая, Мексикт 37 сая, Туркт 36 сая тунг тус тус тарьжээ. Эдгээр орны араас ОХУ, Испани, Индонез, Канад жагсаж байна.


Дэлхий хэмжээнд өнөөдрийн байдлаар 2.45 тэрбум тун вакцин тариад буй нь 100 хүн тутамд 32 тун вакцин тарьсантай тэнцэх үзүүлэлт юм.


Ийнхүү улс орон, нутаг дэвсгэрүүдийг 100 хүн тутамд тарьсан вакцины тоогоор нь жагсаавал, АНЭУ, Мальта, Израил, Бахрейн, Аруба, Монгол, Чили, Их Британи эхний байруудад бичигдэж байна.



Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, энэ сарын 16-ны өдрийн байдлаар дэлхийн хүн амын 20.9 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ. Мөн дэлхийн хэмжээнд өдөрт 33.2 сая тун вакцин тарьж байна.


Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш 220 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 177.78 сая гаруй тохиолдол илэрч, 162.28 сая хүн эдгэрч, 3.84 сая гаруй хүн нас барсан гэж “Worldometers” цахим хуудас мэдээлжээ.

Холбоотой мэдээ