Б.Мухамед: Хязгаарлалт тогтоох асуудлыг Онцгой комисс хурлаа хийж шийднэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-17 09:41:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн үед коронавирусний халдварын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Онцгой комиссын гишүүн Б.Мухамедээс зарим зүйлийг тодрууллаа.


- Иргэд бусад голомтот бүс нутгаас ирж буй хүмүүсийг яагаад тусгаарлахгүй байна гэх шүүмжлэл хэлж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Улсын хэмжээнд коронавирусний халдвартай тэмцэх ажлыг Улсын Онцгой комисс удирдаж байгаа. Бид Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. УОК-ын даргын тушаалаар баталсан зорчих хөдөлгөөн, тусгаарлан ажиглах зэрэг асуудлуудыг зохицуулсан журмуудын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Нэгдүгээрт, вакцины бүрэн тунгаа авснаас хойш 14 хоног өнгөрсөн хүмүүсийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр аймагт нэвтрүүлж байгаа. Журам нь тийм. Хоёрдугаарт, коронавирусний халдвар авч эмчлүүлэн эдгэрээд 4 хүртэлх сарын доторх хугацаанд явж байгаа иргэдийг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн нэвтрүүлж байна. Эдгээр хүмүүс УОК-оос баталсан журмын дагуу чөлөөтэй явж байна. Гуравдугаарт, тодорхой шалтгааны улмаас вакцинжуулалтад хамрагдаагүй, эсвэл вакцин хийлгэсэн ч дархлаа тогтох 14 хоногийн хугацаа нь болоогүй хүмүүсийг 72 цагийн дотор хийлгэсэн ПГУ-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн аймагт нэвтрүүлж, 7 хоног гэрийн ажиглалтад авч байгаа.

Зарим аймаг орох, гарах хөдөлгөөнөө хязгаарлаж байна. Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоох уу? 

- Хөл хорио тогтоох шийдвэрийг аймгийн Онцгой комисс Улсын Онцгой комисстой зөвшилцөж байгаад гаргадаг. Манай аймгийн Онцгой комисс хөл хорио тогтоон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, бизнес эрхлэгч нарын үйл ажиллагаанд саад учруулахгүй, гарсан голомтыг хумих, тандалт хийх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллана гэсэн бодлого баримталж байна. Харамсалтай нь зорчих хөдөлгөөн чөлөөтэй байна.

Цаашид халдварын тоо бүр ч нэмэгдэнэ. Бусад голомтот бүс нутгуудаас Баян-Өлгий аймагт өдөрт 100-гаас дээш зорчигч орж ирж байна гэдэг бол халдвар тээгч хүмүүс нэмэгдээд байна гэсэн үг. Яг үнэндээ Улаанбаатар хотоос ирж буй хүмүүсийн гуравны нэг нь халдвартай ирж байгаа. Халдвартай хүмүүс энэ хэвээрээ орон нутаг руу чөлөөтэй зорчоод байх юм бол халдварыг хэчнээн илрүүлж, таслан зогсоосон ч тохиолдлын тоо нэмэгдээд байна. Тийм учраас хөдөлгөөний хязгаарлалтын асуудал цаашид яригдах байх. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газар хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах саналаа гаргасан. Хязгаарлалт тогтоох асуудлыг Онцгой комисс өнөө маргаашдаа хурлаа хийж шийднэ.  

Төрийн байгууллагуудын ажилтнууд халдвар авч байгаа тохиолдол байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Аймгийн Шүүхийн шинжилгээний алба бол төрийн байгууллагуудын дундаас хамгийн түрүүнд халдвар илэрсэн байгууллага. Тухайн байгууллага болон Гадаадын иргэн, харьяатын алба нэг байранд байдаг. Улаанбаатар хотод сургалтад оролцоод ирсэн ажилтнаас нь халдвар илэрсэн тохиолдол байна. Улаанбаатар хотоос ирээд халдвар тээж яваа иргэд үйлчлүүлснээс болж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олны дундаас халдвар илэрсэн. Тийм учраас төрийн байгууллагууд өнөөгийн нөхцөлд ажилтнуудаа 2 хуваагаад ажиллуулах, цахимаар ажиллах боломж бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хаалгаа барьсан байгаа. Ажилтнуудыг 2 хуваагаад ээлжээр ажиллуулах юм бол төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явах боломжтой юм.   

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын доторх вакцины бүрэн тунгаа аваад, 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа халдвар авсан хүмүүсийн тоо хэд вэ?

- Тийм судалгаа яг одоо миний гарт байхгүй байна. Гэхдээ дархлаажуулалтад бүрэн хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн ч халдвар авсан хүмүүс байна. Тухайн хүмүүстэй би өөрөө холбогдож ярьсан. Эдгээр иргэдийн өвчлөл хөнгөн хэлбэртэй байна.

Халдвар энэ чигээрээ нэмэгдээд байх юм бол аймгийн нийт хүн амын хэдэн хувь нь халдвар авна гэж тооцоолж байгаа вэ?

- Энэ судалгааг Онцгой комиссын тандалтын баг гаргана. Ийм тооцоо байна гэж үндэслэлгүй ярьж болохгүй.  

Холбоотой мэдээ