Таван иргэний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-18 10:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ энэ сарын 10-наас хойш голын бүсээс 52 автомашин, голын усанд суусан 5 автомашин татаж гарган, таван иргэний амийг аварчээ.


ЦУОШГ-аас ойрын хугацаанд нийт нутгаар хур бороо орох урьдчилсан мэдээг гаргаад байгаа тул иргэд гол ус, үерийн аюулаас сэргийлэн, хүүхэд багачуулд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар анхааруулав.


Энэ сарын 7-8-нд нийслэлд орсон борооны улмаас НОБГ-т 23 дуудлага, мэдээлэл ирсний дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалжээ. Туул, Тэрэлж, Хэрлэн голд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-нд завьт эргүүл гаргаад байгаа.


Их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт үерийн аюултай бүсэд, гол дагуу буусан зургаан айлыг нүүлгэн шилжүүллээ.


Нийслэлд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байгаа судалгаа бий. Үүний 235 нь зөвшөөрөлгүй, бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй аж.


Нийслэлд байгаа үерийн далан суваг, шуудуу, зам дагуух ус соруулах хоолойг Геодези, усны барилга, байгууламжийн газар тогтмол цэвэрлэдэг. Гэхдээ их хэмжээний бороо ороход ус нэвтрүүлэх хүчин чадал нь багасдаг. Иймд холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгаа гаргаж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах, инженерийн байгууламжийг нэмэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ