Хүнсний ногоо тариалсан 540 га талбай үерт сүйджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-18 20:05:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Орхон сумын Онцгой комисст голын усны түвшин нэмэгдэж, тариалангийн талбайд хохирол учруулж байгаа тухай дуудлага тариаланчдаас аж. Энэ дагуу тус сумын комиссын дөрвөн албан хаагч ажиллаж, голын усны түвшинг тодорхойлоход 126 мм-ээр нэмэгдсэн байжээ. Шарын гол, Ерөө голын усны түвшин нэмэгдсэнээс шалтгаалан хоёр ААНБ, 120 иргэний 540 га талбай, бэлчээрийн 405 га талбай үерт сүйдсэн байна. Иймд тус сумын Засаг дарга Б.Алтансарнай холбогдох мэдээллийг аймгийн удирдлагуудад мэдээлж үерт автсан айл өрхүүдийг нүүлгэх арга хэмжээг авч ажиллажээ.

Нөхцөл байдлын талаар бид Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнайгаас тодруулахад:

“Орхон сум бол газар тариалангийн сум. Энэ сарын наймнаас олон хоног орсон хүчтэй борооны улмаас ойрын жилүүдэд тохиолдоогүй хохирол учраад байна. Онцгой байдлын газрын Гамшгийн улсын байцаагч газар дээр нь ажиллаж, хохирлыг дүгнэхэд 500 гаруй га талбай үерт автсаны 310 орчим нь тариалан эрхэлсэн бүс байсан. Холбогдох дээд шатны байгууллага, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хохирлын хэмжээг хүргүүлж, иргэдийн бүтэн жилийн хөдөлмөр, банкны зээлийн хүүг бууруулах асуудалд дэмжлэг үзүүлэх саналаа хүргүүлсэн” гэв.

Харин үерт хохирсон иргэдийг төлөөлж тус сумын Баян-Өлзийт багийн иргэн Д.Доржбат «Энэ жил 28 сая төгрөгийг ХААН банкнаас зээлж, тариалангаа эхлүүлсэн ч золгүй явдалтай тулгарлаа. Байгалийн гамшигт хүчин мөхөстөж, хохирсон тариаланчдад зээлийн хүүг царцааж, бууруулах зэрэг төрөөс бидэнд тусалбал нуруунаас жаахан ч болов ачаа хөнгөрч, дэм болно» гэж байлаа.

Цаашид тус сумын удирдлагууд тариалангийн талбайгаа үерт автуулсан айл өрхүүдийг нэг бүрчлэн гаргаж хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.

Холбоотой мэдээ