АНУ Ираны 30 орчим цахим хуудсыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-23 10:17:23

ВАШИНГТОН. /Associated Press/. АНУ-ын Хууль зүйн яам Ираны Исламын радио, телевизийн холбооны (Iranian Islamic Radio and Television Union, IRTVU) ашиглаж байсан 33 цахим хуудас, мөн Ираныг дэмжигч "Катаиб Хезболлах" бүлэглэлийн хянадаг гурван цахим хуудсыг мягмар гарагт хаажээ.


Тус яамнаас мэдээлж буйгаар, дээрх интернэт хуудсуудыг шүүхийн шийдвэрийн дагуу хаасан байна.


"Шүүхийн шийдвэрийн дагуу өнөөдөр IRTVU-ийн ашиглаж байсан 33 цахим хуудас болон “Катаиб Хезболлах” бүлэглэлийн ажиллуулж байсан гурван сайтыг [домэйныг] хураан авсан" гэж АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.


IRTVU-г АНУ-ын Сангийн яам өнгөрсөн оны 10 дугаар сард хоригийн жагсаалтдаа оруулсан болохыг Хууль зүйн яам сануулсан байна. Сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор худал мэдээлэл тараасан гэж IRTVU -г Америкийн эрх баригчид буруутгаж байгаа юм. Хоригийн жагсаалтад багтсан хувь хүн болон хуулийн этгээд "АНУ-ын Сангийн яамны Гадаад активын хяналтын газраас (OFAC) зөвшөөрөл авалгүйгээр интернэт хуудас, домэйн хаяг ашиглахыг хориглодог байна". "Дээрх 33 цахим хуудас нь АНУ-ын нэгэн компанид харьяалагддаг. IRTVU нь домэйн нэрүүдийг ашиглахаасаа өмнө OFAC-аас зөвшөөрөл аваагүй" гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ. 


АНУ-ын Сангийн яам "Катаиб Хезболлах" бүлэглэлд 2009 онд хориг арга хэмжээ авсан бөгөөд Төрийн департамент уг бүлэглэлийг террорист байгууллагуудын тоонд оруулсан байна. 


Мягмар гарагт мөн Ираны "Press TV", "Al-Alam" телевизийн сувгуудын цахим хуудас руу нэвтрэхийг оролдох үед АНУ-ын эрх баригчид цахим хуудсуудыг хаасан тухай мэдэгдэл гарч ирчээ. Йемений "Ансар Аллах" хөдөлгөөний хусит босогчдын эзэмшдэг "Almasirah" телевизийн сувгийн портал цахим хуудас руу нэвтрэхийг оролдох үед мөн ийм мэдэгдэл гарч ирсэн байна.



Холбоотой мэдээ