Улаанбаатарт зургаан дэд төв байгуулж, гэр хорооллын 226 мянган айлыг орон сууцжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-23 13:31:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулснаар гэр хороололд амьдарч буй 226 мянган айл өрхийг орон сууцжуулах, төвлөрлийг сааруулахад томоохон алхам хийж байна. 


Тухайлбал, ХУД-ийн Морингийн давааны 86 орчим га талбайд “Залуус 1” хороолол байгуулахаар суурь дэд бүтэц, инженерийн тодорхой байгууламж хийжээ. Одоогоор дулааны эх үүсвэрийг хэсэгчилсэн байдлаар шийдэх, төвийн дулаанд холбох хувилбарыг ярилцаж байгаа аж.


Мөн Баянголын амны 20 га газарт 2007 айлын орон сууц бүхий “Залуус 2” хорооллыг БНСУ-ын “Экспорт импорт” банкны урт хугацааны зээлээр ашиглалтад оруулна. Дэнжийн мянга орчим “1008 айлын орон сууц”-ыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барихаар БХБЯ ажиллаж байгаа.


Түүнчлэн, “Баянхошуу, Сэлбэ дэд төвд суурилсан төлөвлөлт хийнэ. Баянхошуу дэд төвд 10 мянган айл өрхийг орон сууцжуулах боломжтой. СХД-ийн 30, 31 дүгээр хороо буюу арын дэнжид 4-5 мянган айлын орон сууц барих дэд бүтэц хийж байна. Шар хад дэд төвийг төлөвлөж байна. АХБ, Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтраад эдгээр дэд төвөө хэсэгчилсэн байдлаар шийдэж, төвлөрлийг сааруулна" хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. 

Холбоотой мэдээ