Улаанбаатар хотын Худалдааны танхимаас УОК, НОК-т хандан уриалга гаргав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-25 15:03:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхимаас УОК, НОК-т хандан уриалга гаргажээ.


Уриалгад, юуны түрүүнд коронавируст халдварыг хязгаарлах зорилгоор УОК, НОК, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зүтгэж, ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлье.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт боловч түүнээс дутуугүй ач холбогдолтой зүйл бол хүн амын амьжиргааны түвшинг дордуулахгүй байх, иргэдийн орлогыг тасалдуулахгүй байх зорилт юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ тэдний амьжиргааны түвшинг хамгаалж хадгалах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн төрөл бүрийн сөрөг үр дагаврыг бууруулахад нэн чухал билээ.


Харамсалтай нь 2020 оны 2 дугаар сараас эхлэн нэг жил гаруй хугацаанд олон удаа хөл хорио тогтоож, зарим төрлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг урт хугацаагаар зогсоолоо. Энэ нь хувийн хэвшлийн ААН-үүдэд санхүүгийн асар их бэрхшээлийг учруулж тухайн салбарт ажиллагсдын өрхийн орлогыг маш ихээр бууруулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын Худалдааны танхимын хийсэн судалгаагаар зөвхөн Улаанбаатар хотын үйлчилгээний салбар гэхэд 83,3 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээсэн. Төр, засаг үйлчилгээг нь нээх шийдвэрээ 3 хоногийн дотор цуцалснаас болж нэмж 37,5 тэрбум орчим төгрөгийн алдагдалд орсон, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого өмнөх оны мөн үеэс 9 дахин буураад байгаа нь тодорхой болоод байна.


Иймд УОК, НОК-т хандан бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг хаахгүй, халдвар хамгааллын дэглэм, стандартыг нь тодорхой мэдээлж ажиллуулах, иргэдийн бөөгнөрөл үүсгэх аливаа ажиллагааг төрөөс зохион байгуулахгүй байхыг уриалж байна гэжээ. 

Түүнчлэн нийт бизнес эрхлэгч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ хариуцлагатай мөрдөн, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэнэ гэдэгт итгэж байна гэжээ.


Холбоотой мэдээ