Ш.Нямсүрэнд "Аймгийн аварга тариаланч"-ийн шагналыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-25 17:39:05

Ховд /МОНЦАМЭ/. Эрдэнэбүрэн сумын төв нь Ховд аймгийн төвөөс 75 километрийн зайд оршдог.  Тус суманд одоогоор 50 гаруй иргэн, хоёр аж ахуйн нэгж нийт 360 га талбайд газар тариалангийн ажил эрхэлж байна.

Орон нутгийн тариаланчдыг дэмжих, усалгаатай тариалан эрхлэх боломжийг өргөжүүлэх үүднээс энэ жил Эрдэнэбүрэн суманд 2000 га талбай бүхий услалтын системийг сэргээх зорилго дэвшүүлж, “Услалтын системийн зураг төсөв” боловсруулжээ. 

Эрдэнэбүрэн сумынхаа газар тариалангийн салбар, тэр дундаа жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэхээр зорьж, уйгагүй хөдөлмөрлөж яваа хүмүүсийн нэг бол “Хар-Ус” багийн тариаланч Ш.Нямсүрэн. 

Тариаланч Ш.Нямсүрэн нь Булган сум дахь “Минжит булган хоршоолол”-оос ажлын гараагаа эхэлсэн. Улмаар 1997 онд төрсөн нутаг болох Эрдэнэбүрэн сумандаа ирж, 2007 онд “Тунгалаг уст шураг” хоршоог байгуулан, ажиллаж байна.

Тус хоршоо нь 213 гишүүнтэй. Жилд 10 тонн чацаргана хураан авч, 2015 онд Улсын Тэргүүний хоршоогоор шалгарч байжээ. Тэрбээр 2018 оноос эхлэн хоршооныхоо дэргэд “гишүүдийн хадгаламж зээлийн хоршоо”-г нээн ажиллуулж, тэднийгээ үе шаттай дэмжиж байна. 

Ш.Нямсүрэнгийн тухайд өгөөж баян газрын хишгээ хүртэж, газар тариалангийн салбарт зориулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ энэ жил бодитоор үнэлүүлж, “Аймгийн аварга тариаланч” цол хүртлээ. Түүний шагналыг саяхан Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэв.

Аймгийн аварга тариаланч Ш.Нямсүрэн гурав дахь жилдээ Булган сумаас “алимны мод” авч, Эрдэнэбүрэн сумандаа алимны модыг ургуулж байна. Энэ жилийн тухайд Булган сумаас 130 ширхэг алимны модны суулгац, слийв жимс авч тариалсан юм. 

“Тунгалаг уст шураг” хоршоо нь хүнсний нарийн ногоо, чацаргана, үхрийн нүд тарьдаг. Харин энэ жилээс эхлэн слийв, үрэл, монос, алим, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимс тарьж байгаагаараа онцлогтой. Ийнхүү нутгийн эрүүл хөрсөнд тарьж, ургуулсан жимс, хүнсний ногоог аймаг орон нутгийн иргэд төдийгүй Улаанбаатар хот руу нийлүүлэхээр төлөвлөж байна.    

Холбоотой мэдээ