Голын усанд гуч гаруй хүн живсний 7 нь бага насны хүүхэд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-28 10:46:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарснаас хойш 40 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 31 хүн амь насаа алдсаны 7 нь бага насны хүүхэд байна.


Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад усны ослын дуудлага, амь насаа алдсан иргэдийн тоо багасжээ.


НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах ангиуд, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 67 алба хаагч амралтын өдрүүдэд “Туул” гол дагуу эргүүл хийлээ. Ингэхдээ Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу, голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр ажиллаж,  урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 6779 иргэнд өгч,  557 ширхэг гарын авлага тараажээ. Мөн ногоон бүсээс 1424 автомашиныг холдуулж, голын усанд живж байсан 4 иргэний амь насыг авран, голд суусан 4 автомашиныг татан гаргасан байна.


Гол, усны осол ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна. Иймд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй, тэдэнд тавих хараа, хяналтаа сайжруулах, баталгаатай гүүр, гарам гарцтай газраар автомашинтай зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ