Таван зуун айлын хашаанд эко жорлон суурилуулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ундны усны эх үүсвэр Туул голын сав дагуу болон газар төлөвлөлтөд ороогүй бүсийн айл өрхөөс эхний ээлжид 2000 эко ариун цэврийн байгууламж суурилуулна.
Байгаль орчинд ээлтэй энэ ариун цэврийн байгууламж нь 3 метр куб багтаамжтай, цилиндр төмөр бетонон доторлогоотой, 3м өндөр агааржуулалтын хоолой, байгалийн гэрлийн цонх, нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэгтэй юм. Тухайн өрхийн ам бүлийн тоо, хэрэглээнээс хамаараад, эко ариун цэврийн байгууламжийн бохирыг жилдээ 1-2 удаа соруулах бөгөөд хөрсөнд нэвчүүлэхгүй байх технологиор шийджээ.
Энэ ажлыг гүйцэтгэж буй “Дархан нэгдэл” ХХК-ийн орлогч захирал Л.Мөнхтөмөр ярихдаа, “БОАЖЯ-наас эхний ээлжинд ХУД, БЗД-ийн мянган өрхийг сонгон нүхэн жорлонг зориулалтын байгууламжаар сольж байна. Эко, суурин ариун цэврийн байгууламжийг суурилуулахдаа дахин төлөвлөлтөд ороогүй, бохирыг соруулахад дэд бүтцийн хувьд боломжтой, усны сав газарт байрлалтай зэрэг шалгуураар айл өрхийг сонгосон. Одоогоор 500-г суурилууллаа. Хуучин жорлон бохир нь хальж, хөрсөнд шингэдэг байсныг ийнхүү соруулдаг болгосноор байгаль орчин, хүний эрүүл мэндэд таатай орчин бүрдүүлж байгаа юм” гэжээ.
БОАЖЯ-наас энэ онд
гэр хорооллын 4200 айлын хашаанд эко
ариун цэврийн байгууламж суурилуулж хөрсний бохирдлыг багасгах зорилт тавиад байгаа аж.